Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 32
(1134)
— 1747 —

Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээ

МОНГОЛ УЛС ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
ГЭМТ ЭТГЭЭД ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ
БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛС
БОЛОН
МОНГОЛ УЛС
ХООРОНДЫН ГЭРЭЭ

Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс (цаашид бие даан “тал”, хамтдаа “талууд” гэх);

хоёр орны найрамдалт харилцааг бэхжүүлэхийг эрмэлзэн;

гэмт хэргийг таслан зогсооход хоёр орны хооронд илүү үр дүнтэй хамтын ажиллагаа шаардлагатайг хүлээн зөвшөөрч;

дараах зүйлийг хэлэлцэн тохиролцов. Үүнд:

1 ДҮГЭЭР ЗҮЙЛ

Гэмт этгээдийг шилжүүлэн өгөх үүрэг

Талууд энэхүү гэрээний заалтын дагуу өөрсдийн нутаг дэвсгэр дээр байгаа болон нөгөө талаас шүүн таслах ажиллагаа явуулах, эсхүл шилжүүлбэл зохих гэмт хэрэгт ял оногдуулах зорилгоор шилжүүлэхийг хүссэн этгээдийг харилцан шилжүүлэн өгч байхаар тохиролцов.

2 ДУГААР ЗҮЙЛ

Шилжүүлбэл зохих гэмт хэрэг

1. Энэхүү гэрээний зорилгоор гэмт этгээдийг шилжүүлбэл зохих гэмт хэрэг гэдэг нь талуудын хууль тогтоомжийн дагуу нэг (1) жилээс доошгүй хугацаагаар хорих ял, эсхүл түүнээс хүнд ял оногдуулахаар заасан гэмт хэргийг хэлнэ.

2. Гэмт этгээдийг шилжүүлэх тухай хүсэлт нь шүүхээс хорих ял оногдуулахаар аливаа этгээдийг шилжүүлэхтэй холбогдолтой бөгөөд оногдуулах ялын үлдсэн хугацаа нь зургаан (6) сараас доошгүй бол гэмт этгээдийг шилжүүлэн өгнө.

3. Энэ зүйлийн зорилгоор, гэмт хэргийг талуудын хууль тогтоомжийг зөрчсөн эсэхийг тогтоохдоо:

a) талуудын хууль тогтоомжид гэмт хэргийг бүрдүүлж буй үйлдлийг хуулийн нэг зүйлээр зүйлчлэх, эсхүл ижил нэр томьёогоор тодорхойлж буй эсэхийг үл харгалзана;

b) шилжүүлэхийг хүссэн этгээдийн үйлдсэн үйлдлийг нийтэд нь харгалзан үзэж, гэмт хэргийг бүрэлдүүлж буй үйлдэл, эс үйлдлийг талуудын хууль тогтоомжид өөр өөрөөр заасан эсэхийг үл харгалзана.

4. Шилжүүлэхийг хүссэн этгээд нь татвар, гаалийн хураамж, гадаад валютын солилцооны хяналт болон бусад орлоготой холбоотой хуулийг зөрчсөн бол хүсэлт хүлээн авагч талын хуулиар ижил төрлийн татвар буюу хураамж оногдуулдаггүй, эсхүл хүсэлт гаргагч талын хуульд заасантай ижил төрлийн татвар, хураамж, гааль буюу валютын асуудлаар зохицуулалтгүй гэсэн үндэслэлээр шилжүүлэн өгөхөөс татгалзахгүй.

5. Хэрэв гэмт хэрэг хүсэлт гаргагч талын нутаг дэвсгэрээс гадна үйлдэгдсэн боловч хүсэлт хүлээн авагч талын хууль тогтоомжид өөрийн нутаг дэвсгэрээс гадна ижил төстэй нөхцөлд үйлдэгдсэн гэмт хэрэгт ял оногдуулахаар заасан бол гэмт этгээдийг шилжүүлэн өгнө. Хэрэв хүсэлт хүлээн авагч талын хууль тогтоомжид ийнхүү заагаагүй бол хүсэлт хүлээн авагч тал гэмт этгээдийг шилжүүлэн өгөх эсэхийг өөрөө шийдвэрлэнэ.

6. Энэхүү гэрээний дагуу дараах тохиолдолд гэмт этгээдийг шилжүүлж болно. Үүнд:

a) гэмт үйлдэл, эс үйлдэл гарах үед тэдгээр нь хүсэлт гаргагч талын хуулиар гэмт хэрэгт тооцогддог байх;

b) гэмт үйлдэл, эс үйлдэл нь хэрэв гэмт этгээдийг шилжүүлэх хүсэлтийг гаргах үед хүсэлт хүлээн авагч талын нутаг дэвсгэр дээр гарсан бол хүсэлт хүлээн авагч талын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар гэмт хэрэгт тооцогддог байх.

3 ДУГААР ЗҮЙЛ

Шилжүүлэн өгөхөөс татгалзах

1. Дараах тохиолдолд гэмт этгээдийг шилжүүлэхээс татгалзана. Үүнд:

a) гэмт этгээдийг шилжүүлэн авах тухай хүсэлт нь тухайн этгээдийг арьс өнгө, үндэс угсаа, хүйс, хэл, шашин шүтлэг,

иргэншил, улс төрийн үзэл бодол болон бусад байдлаар нь ял шийтгэх гэж байгаа, эсхүл шүүн таслах ажиллагааны үеэр дээрх шалтгаанаар хохироох бодитой үндэслэлтэй хэмээн хүсэлт хүлээн авагч тал үзсэн бол;

b) шилжүүлэхийг хүссэн этгээдийг шилжүүлэн авахаар хүсэлт болгосон тухайн гэмт хэрэгт холбогдуулан хүсэлт хүлээн авагч талын, эсхүл гуравдагч улсын хууль тогтоомжийн дагуу цагаатгасан, өршөөл үзүүлсэн болон шийтгэл оногдуулсан бол;

c) хэлэлцэн тохирогч талуудын хууль тогтоомжийн дагуу шилжүүлбэл зохих гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны улмаас шилжүүлэхийг хүссэн этгээдийг шүүн таслах болон яллахгүй болсон;

d) гэмт этгээдийг шилжүүлэн авах хүсэлт гаргасан талын хуулиар уг этгээд цаазаар авах ял оногдуулах гэмт хэрэг үйлдсэн, харин хүсэлт хүлээн авсан талын хуулиар уг гэмт хэрэгт цаазаар авах ял оногдуулахааргүй бол хүсэлт гаргасан талаас хүсэлт хүлээн авсан талд цаазаар авах ял оногдуулахгүй гэсэн хангалттай баталгаа гаргаж өгөхгүй бол;

e) хүсэлт гаргагч тал шилжүүлэхийг хүссэн этгээдийг эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хүний бие махбодыг доройтуулах болон хэрцгий хандах бодитой үндэслэлтэй хэмээн хүсэлт хүлээн авагч тал үзсэн бол.

2. Дараах тохиолдолд гэмт этгээдийг шилжүүлэхээс татгалзаж болно. Үүнд:

a) Хүсэлт хүлээн авагч талын хувьд шилжүүлэхийг хүссэн гэмт хэрэг нь улс төрийн шинжтэй гэмт хэрэгт хамаарахаар бол. Төрийн тэргүүн болон түүний гэр бүлийн гишүүдийн амь насанд халдсан, халдахаар завдсан үйлдэл эсхүл талуудын нэгдэн орсон олон талт олон улсын гэрээ, хэлэлцээрээр эрүүгийн гэмт хэрэгт тооцогдохоор заасан бол улс төрийн гэмт хэрэгт хамааруулахгүй;

b) хүсэлт хүлээн авагч талын хувьд гэмт этгээдийг шилжүүлэхийг хүссэн гэмт хэрэг нь цэргийн хуулиар шийтгэгдэх гэмт хэрэг бөгөөд хүсэлт хүлээн авагч талын эрүүгийн хуульд хамааралгүй бол;

c) хүсэлт хүлээн авагч талын хуулиар шилжүүлэхийг хүссэн гэмт хэрэг нь өөрийн нутаг дэвсгэр дээр бүхэлдээ, эсхүл, хэсэгчлэн үйлдэгдсэн хэмээн үзсэн бол;

d) хүсэлт хүлээн авагч талд шилжүүлбэл зохих гэмт хэрэгт холбогдуулан шилжүүлэхийг хүссэн этгээдэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа бол;

e) шилжүүлэхийг хүссэн этгээд ял шийтгүүлсэн эсхүл, хүсэлт гаргагч талд тусгай, түр зуурын болон хөндлөнгийн шүүхээр шүүн таслах ажиллагаа явуулах болон ял шийтгүүлэх гэж байгаа бол;

f) хүсэлт хүлээн авагч тал тухайн гэмт хэргийн хүнд, хөнгөн болон хүсэлт гаргагч талын ашиг сонирхлыг харгалзан үзэхийн хамтаар, шилжүүлэхийг хүссэн этгээдийн хувийн нөхцөл байдлаас шалтгаалан ийнхүү шилжүүлэн өгөх нь хүмүүнлэгийн үүднээс нийцэхгүй байна хэмээн үзэж байгаа бол.

3. Хүсэлт хүлээн авагч тал шилжүүлэн өгөхөөс татгалзсан тохиолдолд хүсэлт гаргагч талд татгалзаж буй үндэслэлээ даруй бичгээр мэдэгдэнэ.

4 ДҮГЭЭР ЗҮЙЛ

Түр шилжүүлэх болон шилжүүлэн өгөхийг хойшлуулах

1. Хүсэлт хүлээн авагч талд шилжүүлэхийг хүссэн этгээд шилжүүлбэл зохих гэмт хэргээс өөр гэмт хэрэгт шалгагдаж байгаа эсхүл, ял эдэлж байгаа бол хүсэлт хүлээн авагч тал хянан шийдвэрлэх ажиллагаа дуусах хүртэл эсхүл оногдуулсан ялыг эдэлж дуусах хүртэл тухайн этгээдийг шилжүүлэн өгөхийг хойшлуулж болно. Хүсэлт хүлээн авагч тал хойшлуулж байгаа тухайгаа хүсэлт гаргагч талд мэдэгдэнэ.

2. Хүсэлт хүлээн авагч талд шалгагдаж байгаа этгээдийг шилжүүлэн авах тухай хүсэлт гаргавал хүсэлт хүлээн авагч тал тухайн этгээдийн гэм буруутай нь тогтоогдож хорих ялаар шийтгэгдсэн хэдий ч шилжүүлэн авах хүсэлтийн хүрээнд гэмт этгээдийг шилжүүлэх ажиллагааны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах зорилгоор хүсэлт гаргагч талд түр шилжүүлж болно.

3. Талууд тогтоосон нөхцөлийн дагуу харилцан зөвшилцөж түр хугацаагаар шилжүүлэн өгсөн этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж дууссаны дараа хүсэлт гаргагч тал түүнийг түр саатуулан хорино.

5 ДУГААР ЗҮЙЛ

Иргэнийг шилжүүлэх

1. Аль ч тал өөрийн улсын иргэнийг шилжүүлэн өгөхгүй.

2. Хүсэлт хүлээн авагч тал энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн улсын иргэнийг шилжүүлэн өгөхөөс татгалзвал хүсэлт хүлээн авагч талын шүүх уг гэмт хэргийг харьяалан хянан шийдвэрлэнэ. Шаардлагатай гэж үзвэл хүсэлт хүлээн авагч тал шилжүүлэхийг хүссэн этгээдийг шилжүүлбэл зохих гэмт хэргүүдийн бүгдэд нь эсхүл аль нэгэнд хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахаар өөрийн эрх бүхий байгууллагад шилжүүлнэ.

6 ДУГААР ЗҮЙЛ

Гэмт этгээдийг шилжүүлэн өгөх журам, шаардагдах бичиг баримт

1. Гэмт этгээдийг шилжүүлэх хүсэлтийг бичгээр үйлдэж, энэхүү гэрээний 8 дугаар зүйлд заасан эрх бүхий төв байгууллага хооронд шууд дамжуулна.

2. Гэмт этгээдийг шилжүүлэх хүсэлтэд дараах зүйлийг хавсаргана. Үүнд:

a) гэмт этгээдийг шилжүүлэх хүсэлтийн огноо, газар;

b) хүсэлт гаргагч байгууллагын нэр, хаяг;

c) шилжүүлэхийг хүссэн этгээдийн үнэн зөв мэдээлэл, тухайн этгээдийн хувийн шинж болон иргэний харьяаллыг тогтооход хэрэг болох бусад мэдээлэл, боломжтой тохиолдолд зураг, хурууны хээ, тухайн этгээдийн байршил;

d) гэмт хэргийн бүрэлдэхүүн болон шилжүүлбэл зохих гэмт хэргийн талаарх тайлбар, үүнд гэмт хэрэг үйлдэгдсэн хугацаа болон газар түүнчлэн хуулийн дагуу оногдуулбал зохих шийтгэлийн мэдээлэл;

e) тухайн гэмт хэрэг, түүнд оногдуулах ял шийтгэл болон уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа эсхүл тухайн хэрэгт ялыг гүйцэтгэх ажиллагаа зэргийг заасан хуулийн холбогдох заалтын эшлэл.

3. Яллагдагч этгээдийг шилжүүлэх хүсэлтэд хүсэлт гаргагч талын шүүгч, эсхүл бусад эрх бүхий байгууллагын баривчлах тогтоолын хуулбарыг хавсаргана.

4. Гэм буруутай нь тогтоогдсон этгээдийг шилжүүлэх хүсэлтэд энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагаас гадна хүсэлт гаргагч талын шүүхийн хүчин төгөлдөр болсон таслан шийдвэрлэх тогтоолын хуулбарыг хавсаргана. Хэрэв тухайн этгээд гэм буруутай нь тогтоогдож ял шийтгэгдсэн бол гэмт этгээдийг шилжүүлэх хүсэлтэд эдэлсэн ялын хугацааны талаарх мэдээллийг хавсаргана. Хэрэв тухайн этгээд гэм буруутай нь тогтоогдсон боловч ял шийтгүүлээгүй бол гэмт этгээдийг шилжүүлэх хүсэлтэд түүний үр дагаврын талаарх мэдээллийг хавсаргана.

5. Энэхүү гэрээний дагуу хүсэлт болон дагалдах баримт бичиг, бусад мэдээлэл нь хүсэлт гаргагч талын эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тэмдэгтэй байх бөгөөд хэрэв дээрх албан бичиг хүсэлт хүлээн авагч талын албан ёсны хэлээр үйлдэгдсэн бол англи хэлээрх орчуулгыг хавсаргана.

7 ДУГААР ЗҮЙЛ

Нэмэлт мэдээлэл

1. Хэрэв хүсэлт хүлээн авагч тал шилжүүлэх хүсэлт болон бусад мэдээлэл нь энэхүү гэрээний дагуу гэмт этгээдийг шилжүүлэн өгөхөд хангалттай бус хэмээн үзвэл тухайн тал тодорхой хугацаа зааж, уг хугацааны дотор нэмэлт мэдээлэл авахыг хүсч болно.

2. Шилжүүлэхийг хүссэн этгээдийг баривчилсан боловч нэмэлт мэдээлэл нь энэхүү гэрээний хүрээнд хангалттай бус, мөн уг мэдээллийг тогтоосон хугацаанд хүлээн аваагүй бол тухайн этгээдийг суллаж болно. Ийнхүү суллах нь хүсэлт гаргагч тал дахин хүсэлт гаргахад саад болохгүй.

3. Хүсэлт хүлээн авагч тал энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу аливаа этгээдийг суллахаас өмнө энэ тухайгаа хүсэлт гаргагч талд аль болох түргэн хугацаанд мэдэгдэнэ.

8 ДУГААР ЗҮЙЛ

Эрх бүхий төв байгууллага

1. Монгол Улсын эрх бүхий төв байгууллага нь Хууль зүй, дотоод хэргийн яам байна.

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын эрх бүхий төв байгууллага нь Нийгмийн аюулгүй байдлын яам байна.

2. Талуудын эрх бүхий төв байгууллага гэмт этгээдийг шилжүүлэх хүсэлтийг энэхүү гэрээ болон талуудын хуульд заасны дагуу хэрэгжүүлнэ.

3. Талуудын эрх бүхий төв байгууллага өөрчлөгдсөн тохиолдолд энэ тухайгаа дипломат шугамаар нөгөө талдаа бичгээр мэдэгдэнэ.

9 ДҮГЭЭР ЗҮЙЛ

Урьдчилан баривчлах

1. Яаралтай тохиолдолд аль ч тал гэмт этгээдийг шилжүүлэх хүсэлтийг гаргахын өмнө эрэн сурвалжлагдаж буй этгээдийг урьдчилан баривчлуулах хүсэлт гаргаж болно.

2. Урьдчилан баривчлуулах хүсэлтийг бичгээр үйлдэх бөгөөд энэхүү гэрээний 8 дугаар зүйлд заасан журмын дагуу шууд дамжуулах, эсхүл Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага буюу Интерпол болон талуудын харилцан тохиролцсон өөр шугамаар дамжуулж болно.

3. Урьдчилан баривчлах хүсэлтэд энэхүү гэрээний 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг мөн зүйлийн 3 болон 4 дэх хэсэгт заасан баримт бичгийг шилжүүлэхийг хүссэн этгээдийг урьдчилан баривчлах тухай албан ёсны мэдэгдлийн хамт хавсаргана.

4. Хүсэлт хүлээн авагч тал урьдчилан баривчлах тухай хүсэлтийг хүлээж авсан даруй хүсэлтийн дагуу авсан арга хэмжээний талаар гаргасан талд даруй мэдэгдэнэ.

5. Хүсэлт хүлээн авагч тал баривчлагдсан этгээдийг цагдан хорьсон өдрөөс хойш жар (60) хоногийн дотор 6 дугаар зүйлд заасан шилжүүлэн өгөх хүсэлт болон баримт бичгийг хүлээн аваагүй бол баривчлагдсан этгээдийг суллана. Хэрэв хүсэлтийг дараа нь хүлээн авсан бол эрэн сурвалжилж байгаа этгээдийг шилжүүлэхэд саад болохгүй.

10 ДУГААР ЗҮЙЛ

Зөвшөөрлийн дагуу шилжүүлэх

Шилжүүлэхийг хүссэн этгээд нь хүсэлт гаргагч талын шүүх буюу эрх бүхий байгууллагаас гаргасан шилжүүлэхийг хүссэн хүсэлтийг зөвшөөрч буйгаа бичгээр мэдэгдсэн бол хүсэлт гаргагч тал шилжүүлэн авах ажиллагааг түргэвчлэх талаар бүхий л арга хэмжээг хууль тогтоомжийн дагуу авна.

11 ДҮГЭЭР ЗҮЙЛ

Нэгэн зэрэг гаргасан хэд хэдэн хүсэлт

1. Хэрэв аль нэг этгээдийг нэг төрлийн, эсхүл өөр өөр төрлийн гэмт хэргийн улмаас шилжүүлэн өгөхийг хүсэлт гаргагч тал болон нэг

буюу түүнээс дээш тооны улс нэгэн зэрэг хүсэлт гаргасан бол хүсэлт хүлээн авагч тал эдгээр улсаас аль улсад тухайн этгээдийг шилжүүлэн өгөх тухай шийдвэр гаргаж, өөрийн шийдвэрийн талаар эдгээр улсад мэдэгдэнэ.

2. Тухайн этгээдийг аль улсад шилжүүлэн өгөх тухай шийдвэр гаргахдаа холбогдох бүх хүчин зүйлийг харгалзан үзэх бөгөөд ингэхдээ дараах зүйлийг онцгойлон авч үзнэ:

a) хүсэлтийг аливаа гэрээний дагуу гаргасан эсэх;

b) шилжүүлэхийг хүссэн этгээдийн иргэний харьяалал;

c) шилжүүлэх хүсэлт нь өөр өөр гэмт хэрэгт холбогдолтой бол, тэдгээр гэмт хэргийн хүнд, хөнгөн байдлын хамаарал;

d) гэмт хэрэг тус бүрийн үйлдэгдсэн цаг хугацаа, газар;

e) хүсэлт гаргагч улсаас хүлээж авсан хүсэлтийн дараалал;

f) шилжүүлэхийг хүссэн этгээдийн оршин суугаа газар ;

g) хүсэлт гаргагч улсын ашиг сонирхол;

h) хохирогчийн иргэний харьяалал;

i) хүсэлт гаргагч улстай цаашид гэмт этгээд шилжүүлэн өгөх боломж бий эсэх.

3. Энэхүү зүйлд “улс” гэсэн нэр томьёог олон улсын эрх зүйд заасан тодорхойлолтоор ойлгох бөгөөд уг ойлголтод тухайн улсын бие даасан Засгийн газраас гэмт этгээдийг шилжүүлэх хүсэлт гаргах эрх зохих ёсоор олгогдсон аливаа улсын нутаг дэвсгэрийг хамааруулна.

12 ДУГААР ЗҮЙЛ

Гэмт этгээдийг гуравдагч улсад шилжүүлэх

Хүсэлт хүлээн авагч талаас хүсэлт гаргагч талд шилжүүлэн өгч байгаа этгээдийг шилжүүлэн өгөхдөө доор дурдсанаас бусад тохиолдолд хүсэлт гаргагч тал тухайн этгээдийг өмнө үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан гуравдагч улсад шилжүүлэн өгч болохгүй. Үүнд :

1. Хүсэлт хүлээн авагч тал нь шилжүүлэн өгөх хүсэлтийг хүлээн зөвшөөрсөн. Ийнхүү зөвшөөрөл хүссэн хүсэлтэд 6 дугаар зүйлд дурдсан баримт бичгийг хавсарган хүсэлт хүлээн авагч талд хүргүүлнэ;

2. Этгээд нь хүсэлт гаргагч талын нутаг дэвсгэрээс гарч явахад чөлөөтэй байсан ба шилжүүлбэл зохих гэмт хэргийн хувьд чөлөөлөх эцсийн шийдвэр гарснаас хойш дөчин тав (45) хоногийн дотор гараагүй бол;

3. Этгээд нь хүсэлт гаргагч талын нутаг дэвсгэрээс гарсны дараа сайн дураар буцаж ирсэн бол.

13 ДУГААР ЗҮЙЛ

Гэмт этгээдийг хүлээлгэн өгөх

1. Хүсэлт хүлээн авагч тал гэмт этгээдийг шилжүүлэх талаар шийдвэр гаргасан даруйд хүсэлт гаргагч талд тухайн шийдвэрийн талаар энэхүү гэрээний 8 дугаар зүйлд заасан эрх бүхий төв байгууллагаар дамжуулан мэдэгдэнэ.

2. Талууд хүсэлт хүлээн авагч талын нутаг дэвсгэрт байрлах хүсэлт гаргагч талын холбогдох эрх бүхий байгууллагад хандаж тухайн этгээдийг шилжүүлэн өгөх огноо болон газрыг харилцан тохиролцон шийдвэрлэнэ.

3. Хүсэлт гаргагч тал тухайн этгээдийг хүсэлт хүлээн авагч талын заасан хугацааны дотор хүсэлт хүлээн авагч талын нутаг дэвсгэрээс шилжүүлэн авах бөгөөд энэ хугацаанд тухайн этгээдийг шилжүүлэн аваагүй бол хүсэлт хүлээн авагч тал уг этгээдийг суллаж, тухайн гэмт хэрэгт холбогдуулан шилжүүлэн өгөхөөс татгалзаж болно.

4. Аль нэг тал өөрөөс үл хамаарах шалтгааны улмаас гэмт этгээдийг шилжүүлж өгөх эсхүл шилжүүлж аваагүй бол энэ тухай аль болох боломжит хугацаанд нөгөө талдаа мэдэгдэнэ. Хоёр тал гэмт этгээдийг шилжүүлэн өгөх, эсхүл шилжүүлэн авах шинэ огноог харилцан шийдвэрлэх бөгөөд үүнд энэ зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг баримтална.

5. Энэхүү гэрээний дагуу гэмт этгээдийг шилжүүлэн өгвөл хүсэлт гаргагч тал шилжүүлсэн гэмт этгээдийн хэргийг шүүхээр шийдвэрлүүлэх асуудлыг хариуцна.

14 ДҮГЭЭР ЗҮЙЛ

Эд хөрөнгө хураан авах, хүлээлгэн өгөх

1. Хүсэлт хүлээн авагч тал өөрийн улсын хууль, тогтоомжийн хүрээнд болон гуравдагч талын эрх ашгийг бүрэн хүндэтгэх үндсэн дээр гэмт

этгээдийг шилжүүлэхээр болсон бол хүсэлт хүлээн авагч талын нутаг дэвсгэрт илэрсэн гэмт хэрэгт холбогдолтой бүхий л эд хөрөнгийг нотлох баримт болгон ашиглах зорилгоор хүсэлт гаргагч талд хүлээлгэн өгнө.

2. Энэхүү зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээр дурдсан эд хөрөнгийг гэмт этгээд нас барсан буюу оргон зайлсан аль ч нөхцөлд хэрэв хүсэлт гаргагч тал хүсэлт гаргавал хүлээлгэн өгнө.

3. Хүсэлт хүлээн авагч тал хүсэлт гаргагч талаас тухайн эд хөрөнгийг хүсэлт хүлээн авагч талд боломжит хугацаанд буцаан хүргүүлэх хангалттай баталгааг хүсэлт гаргагч талаас гаргуулж эд хөрөнгийг шилжүүлэх болзол тавьж болно. Хэрэв хүсэлт хүлээн авагч талд тухайн эд хөрөнгө нотлох баримтын хэмжээнд шаардлагатай бол хүсэлт хүлээн авагч тал тэдгээрийг хүлээлгэн өгөхийг хойшлуулж болно.

4. Хүсэлт гаргагч тал шилжүүлсэн эд хөрөнгийг буцаахтай холбогдон гарах бүх зардлыг хариуцна.

15 ДУГААР ЗҮЙЛ

Онцгой журам

1. Энэхүү гэрээний дагуу шилжүүлэн өгсөн аливаа этгээдийг шилжүүлэн өгөхийг хүссэн тухайн хэргээс өөр өмнө үйлдсэн ямар нэг гэмт хэрэгт холбогдуулан саатуулах, яллах буюу шийтгэх, эсхүл аль нэг гуравдагч улсад дор дурдсанаас бусад тохиолдолд, ямар нэг гэмт хэргийн төлөө шилжүүлэн өгөхгүй. Үүнд:

a) шилжүүлэн өгсний дараа тухайн этгээд нь хүсэлт гаргагч талын нутаг дэвсгэрийг орхин гарсан боловч сайн дураараа буцаж ирсэн бол;

b) тухайн этгээд хүсэлт гаргагч талын нутаг дэвсгэрийг дөчин тав (45) хоногийн дотор чөлөөтэй орхин гарах зөвшөөрөлтэй боловч ийнхүү орхин гараагүй бол;

c) хүсэлт хүлээн авагч тал зөвшөөрсөн бол. Ийнхүү зөвшөөрөл хүссэн хүсэлтэд энэхүү гэрээний 6 дугаар зүйлд дурдсан баримт бичиг болон тухайн гэмт хэрэгт холбогдож буй шилжүүлэн өгсөн этгээдийн нөхцөл байдлын талаар мэдээллийг хавсарган илгээнэ. Энэхүү гэрээний дагуу шилжүүлбэл зохих гэмт хэрэгт тус зөвшөөрлийг дөчин тав (45) хоногийн дотор өгч болно.

2. Энэхүү зүйлийн 1 дэх хэсэг нь шилжүүлэн өгсний дараа үйлдэгдсэн гэмт хэрэгт хамаарахгүй.

16 ДУГААР ЗҮЙЛ

Дамжин өнгөрөх

1. Аль нэг гуравдагч улсаас нөгөө талд хүлээлгэн өгч буй аливаа этгээдийг талуудын аль нэгний нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэх бол ийнхүү дамжин өнгөрүүлэх тухай хүсэлтийг дипломат шугамаар, бичгээр тавих бөгөөд тухайн талын хууль тогтоомжийн дагуу зөвшөөрөл олгоно.

2. Хэрэв дамжин өнгөрүүлэх талын нутаг дэвсгэрт газардалгүй, агаарын тээврээр шууд дамжин өнгөрөх бол дамжин өнгөрүүлэх зөвшөөрөл шаардахгүй. Хэрэв тухайн талын нутаг дэвсгэрт газардах шаардлагатай тохиолдолд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу дамжин өнгөрүүлэх зөвшөөрөл авах хүсэлтээ гаргаж болно.

17 ДУГААР ЗҮЙЛ

Үр дүнг мэдэгдэх

Хүсэлт гаргагч тал нь шилжүүлэн өгсөн тухайн этгээдийг ял шийтгэсэн, шүүхийн хүчин төгөлдөр тогтоолыг хэрэгжүүлсэн, эсхүл түүнийг аль нэг гуравдагч улсад дахин шилжүүлсэн талаарх мэдээллийг хүсэлт хүлээн авагч талд тухай бүр мэдэгдэж байна.

18 ДУГААР ЗҮЙЛ

Төлөөлөл болон зардал

1. Хүсэлт хүлээн авагч тал гэмт этгээдийг шилжүүлэх хүсэлттэй холбогдуулан үүсэх аливаа шүүх ажиллагаанд хүсэлт гаргагч талын нэрийн өмнөөс шүүх хуралд оролцож, зөвлөж туслалцаа үзүүлэх бөгөөд түүний ашиг сонирхлыг төлөөлнө.

2. Хүсэлт хүлээн авагч тал шилжүүлэн өгөхийг хүссэн гэмт этгээдийг өөрийн нутаг дэвсгэрт баривчлах болон хүсэлт гаргагч талаас нэр заасан этгээдийг шилжүүлэх хүртэл баривчлах болон албадан саатуулахтай холбогдсон өөрийн нутаг дэвсгэр дээрх зардлыг хариуцна.

3. Хүсэлт гаргагч тал хүсэлт хүлээн авагч талын нутаг дэвсгэрээс гэмт этгээдийг шилжүүлэн гаргах болон дамжин өнгөрүүлэхтэй холбогдсон зардлыг хариуцна.

4. Хүсэлт гаргагч тал энэхүү гэрээний дагуу гэмт этгээдийг шилжүүлэх хүсэлтэд хавсаргаж хүргүүлэх баримт бичгийг орчуулах, тайлбарлах, хуулбарлах болон тухайн этгээдийг тээвэрлэхтэй холбогдсон зардлыг хариуцна.

5. Хэрэв зардал үлэмж их байвал талууд зардлыг хэрхэн хариуцах талаар зөвлөлдөнө. 19 ДҮГЭЭР ЗҮЙЛ

Зөвлөлдөх

Талууд энэхүү гэрээний үйл ажиллагааг дэмжихийн тулд эрх бүхий төв байгууллагаар дамжуулан тус гэрээг тайлбарлах, хэрэглэх болон хэрэгжүүлэх талаар харилцан зөвлөлдөнө.

20 ДУГААР ЗҮЙЛ

Маргаан шийдвэрлэх

Энэхүү гэрээг тайлбарлах, хэрэглэх болон хэрэгжүүлэхтэй холбогдон гарах аливаа маргааныг талуудын эрх бүхий төв байгууллага харилцан зөвлөлдөж шийдвэрлэнэ. Хэрэв эрх бүхий төв байгууллагууд зөвшилцөлд хүрч шийдвэрлэх боломжгүй тохиолдолд дипломат шугамаар шийдвэрлэнэ.

21 ДҮГЭЭР ЗҮЙЛ

Олон улсын олон талт гэрээтэй харилцах

Энэхүү гэрээ нь талуудын нэгдэн орсон олон улсын гэрээ болон хоёр талт гэрээ, бусад хэлэлцээрийн хүрээнд хүлээсэн эрх, үүрэгт хамаарахгүй.

22 ДУГААР ЗҮЙЛ

Хүчин төгөлдөр болох, нэмэлт, өөрчлөлт оруулах болон цуцлах

1. Талууд энэхүү гэрээг хүчин төгөлдөр болгох дотоодын хууль тогтоомжийн шаардлагыг хангасан тухайгаа нөгөө талдаа бичгээр мэдэгдэнэ. Энэхүү гэрээ нь хоёр мэдэгдлийн хамгийн сүүлд хүлээн авсан өдрөөс хойш гуч (30) дахь өдрөөс хүчин төгөлдөр болно.

2. Энэхүү гэрээнд харилцан зөвшилцсөний үндсэн дээр бичгээр нэмэлт, өөрчлөлт оруулж болно. Аливаа нэмэлт, өөрчлөлт нь тус гэрээний хүчин төгөлдөр болсон арга замын дагуу хүчин төгөлдөр болно.

Төрийн мэдээлэл · 2020 · № 32 (1134)1747–1758-р хуудас