Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар баримтлах бодлого батлах тухай № 333
Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар баримтлах бодлого батлах тухай
Аялал жуулчлалын тухай хуулийн 16.1.1, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 8.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар баримтлах бодлого”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. “Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар баримтлах бодлого”- ыг хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүрийн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгаж, шаардагдах хөрөнгийг улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламжид хамруулан, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэх замаар санхүүжүүлж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Үндэсний хөгжлийн газар (Б.Баярсайхан) нарт тус тус үүрэг болгосугай.
3. “Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар баримтлах бодлого”-д тусгагдсан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавьж, хэрэгжилтийн явцыг нэгтгэн жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад даалгасугай.
2019 оны 8 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр Дугаар 333 хот
Засгийн газрын 2019 оны 333 дугаар тогтоолын хавсралт
Нэг. Нийтлэг үндэслэл
Дэлхий дахинд сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын салбар эрчимтэй хөгжиж, дэлхийн нийтийн экспортын 7 хувь (1,6 их наяд
ам.доллар), үйлчилгээний экспортын 30 хувийг тус тус бүрдүүлж, ажил эрхэлж байгаа 10 хүн тутмын 1 нь тус салбарт ажлын байраар хангагдаж, шинээр бий болж байгаа 5 ажлын байр тутмын 1 нь аялал жуулчлалын салбарт бий болжээ.
Нэгдсэн үндэстний байгууллагын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан статистик мэдээллээс үзэхэд 2017 онд олон улсад 1,3 тэрбум жуулчин аялж, тэдгээрээс 1,3 их наяд ам.долларыг зарцуулсан бөгөөд 2030 он гэхэд олон улсын жуулчдын тоо 1,8 тэрбумд хүрэх төлөвтэй байна.
1950 онд дэлхий дахинд 25 сая гаруй жуулчин аялж байсан бол 2017 онд энэ тоо 1,3 тэрбумд хүрснээс үзэхэд 67 жилийн хугацаанд жуулчдын тоо 50 дахин өссөн байна.
Олон улсын аялал жуулчлалын 2018 оны үзүүлэлтийг бүс нутгаар авч үзвэл нийт жуулчдын 51 хувь буюу 672 сая жуулчин Европын улсуудаар аялж 519 тэрбум ам.доллар, 24 хувь буюу 323 сая жуулчин Ази, Номхон далайн улсуудаар аялж 390 тэрбум ам.доллар, 16 хувь буюу 211 сая жуулчин Америк тивийн улс, орнуудаар аялж 326 сая ам.доллар, 5 хувь буюу 63 сая жуулчин Африкийн орнуудаар аялж 37 тэрбум ам.доллар, 4 хувь буюу 58 сая жуулчин Ойрхи дорнодын орнуудаар аялж 68 тэрбум ам.долларыг аялалдаа зарцуулжээ.
Нийт аялж байгаа жуулчдын 55 хувь нь аялах, амрах зорилгоор, 27 хувь нь эргэн дурсах, найз нөхдөдөө зочлох, эрүүл мэндийн зорилгоор, 13 хувь нь албан, бизнесийн зорилгоор, 6 хувь нь бусад зорилгоор аялдаг бөгөөд мөн нийт жуулчдын 57 хувь нь агаарын, 37 хувь нь авто, 4 хувь нь усан, 2 хувь нь төмөр замын тээврээр үйлчлүүлж байна.
Ази, Номхон далайн бүс нутгийн хувьд сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын салбар хурдацтай өсөж, бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүний 9,8 хувийг, нийт ажлын байрны 9,3 хувийг тус тус аялал жуулчлалын салбар бүрдүүлж, 2017 онд 323 сая жуулчин хүлээж авч, 390 тэрбум ам.долларын орлого олсон нь 2016 онтой харьцуулахад 6 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Хэдийгээр бүс нутаг дотроо Зүүн өмнөд Ази болон Номхон далайн орнуудын аялал жуулчлалын хөгжил эрчимжиж, жуулчдын өсөлт 6-9 хувьд хүрсэн ч Төв Азийн орнуудын хувьд аялал жуулчлалын өсөлт дунджаар 3 хувь байна.
Тус бүс нутагт хүлээн авч байгаа нийт жуулчдын 10 орчим хувийг буюу 30 орчим сая жуулчдыг Төв Азийн орнууд хүлээн авч байгаа нь харьцангуй бага үзүүлэлт юм.
Төв Азийн орнууд газар зүйн хувьд Ази, Европыг холбосон давуу байрлалтай, байгаль, түүх, соёлын хувьд харьцангуй өндөр нөөцтэй хэдий
ч дэд бүтэц сул хөгжсөн, улирлын хамаарал ихтэй, мөн олон улсын аялал жуулчлалын зах зээлд бага танигдсан зэрэг сул талууд их байна.
Иймд эдгээр асуудлуудыг хамтран шийдвэрлэх замаар Ази, Номхон далайн бүс нутгийг зорих жуулчдын урсгалаас Төв Азийн орнуудад чиглэх урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банкны Төв Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр “CAREC”-ийн хүрээнд 2018 оноос Аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хэсэг байгуулан, Монгол Улс хамтран ажиллахаар тогтоод байна.
Түүнчлэн Төв Азийн орнууд жуулчид аялах нөхцөлийг хөнгөвчлөх, хил дамнасан аялал жуулчлалыг дэмжих зорилгоор олон улсад танигдсан Торгоны замын аялал жуулчлалыг брэнд болгон хөгжүүлж, “Торгоны зам” визийг нэвтрүүлж эхлээд байна.
Монгол Улсын хувьд 2018 онд 529 мянган гадаадын жуулчин хүлээн авч, дотоодын эдийн засагт 569 сая ам.доллар буюу 1,5 их наяд төгрөгийн орлогыг төвлөрүүлсэн нь 2017 онтой харьцуулахад жуулчдын тоо 12, салбарын орлого 42 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Монгол Улсад ирж байгаа гадаадын жуулчин дунджаар 9 хоног аялж, нэг удаагийн аялалдаа 1,460 орчим ам.долларыг (олон улсын тээврээс гадна) зарцуулж байна.
Монгол Улсад ирж байгаа гадаадын жуулчдын 34 хувь нь байгаль, 24 хувь нь уламжлалт нүүдэлчдийн ахуй соёл, 12 хувь нь адал явдал, 11 хувь нь ан амьтан ажиглах, 10 хувь нь монголын түүх, 9 хувь нь бусад шалтгаанаар аялдаг байна.
Мөн нийт гадаадын жуулчдын 36 хувь нь зун, 33 хувь нь намар, 16 хувь нь хавар, 15 хувь нь өвөл аялдаг бөгөөд нийт жуулчдын 47,3 хувь нь агаарын, 41,5 хувь нь авто, 11,2 хувь нь төмөр замын олон улсын тээврээр хил нэвтэрсэн байна.
Улсын хэмжээнд 2019 оны байдлаар бүртгэлтэй 270 орчим тур оператор компани, 460 гаруй зочид буудал, 400 гаруй жуулчны бааз үйл ажиллагаа явуулж салбарт 34 мянга орчим ажлын байрыг бий болгосон байна. Жуулчинд байр сууцны үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагуудын 43,4 хувь нь хангайн бүсэд, 26,6 хувь нь төвийн бүсэд, 19,3 хувь нь Улаанбаатарын бүсэд, 5,5 хувь нь зүүн бүсэд, 5,2 хувь нь баруун бүсэд байрлалтай байна.
Жуулчин хүлээж авах өнөөгийн ор/хоногийн даацыг тооцоолж үзвэл Монгол Улс нэг хавар, намар, зуны улиралд, өдөрт 72 гаруй мянган
жуулчин хүлээж авах хүчин чадалтай, бөгөөд жуулчдын дүүргэлт 100 хувь байх тохиолдолд 5-аас 9 дүгээр сар хүртэл 5 сарын хугацаанд нийт 1,2 сая гаруй жуулчин, хүлээж авах бүрэн хүчин чадалтайг илтгэж байна.
Гэвч олон улсын агаарын тээврийн хязгаарлагдмал боломж, визийн хүндрэлтэй байдал, дэд бүтцийн асуудлуудаас шалтгаалан сүүлийн 10 гаруй жилийн турш Монгол Улсад ирж байгаа гадаадын жуулчдын тоо 400- 480 орчим мянгад хэлбэлзсээр иржээ.
Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг “Аялал жуулчлалын өрсөлдөх чадварын үзүүлэлт”-д дэлхийн 136 орноос Монгол Улс 102 дугаарт эрэмбэлэгдсэн бөгөөд дараах шалгуур үзүүлэлтүүдэд харьцангуй доогуур үнэлэгдсэн байна. Үүнд: “олон улсад нээлттэй байдал” 136 орноос 125-д, “агаарын тээврийн дэд бүтэц” 136 орноос 95-д, “газрын боомт, дэд бүтцийн хөгжил” 136 орноос 123-т, “жуулчны үйлчилгээний дэд бүтэц” 136 орноос 111 дүгээрт эрэмбэлэгдсэн.
Аялал жуулчлалын хувьд манай улстай ижил нөөцтэй, нэг бүс нутагт оршдог Казахстан, Узбекистан, Киргизстан зэрэг улсууд цахим визэд шилжсэн, мөн Зүүн өмнөд Азийн Тайланд, Лаос, Мьянмар, Индонез, Филиппин зэрэг улс орнууд жуулчдыг визгүй эсхүл хил дээрээс виз олгох нөхцөлийг бүрдүүлснээр жуулчдын тоогоо тогтмол нэмэгдүүлсэн байна.
Харин 2019 оны байдлаар Монгол Улсад 20 гаруй улсын иргэд визгүй зорчиж байгаа нь харьцангуй бага үзүүлэлт бөгөөд аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлж байгаа дэлхийн бусад улс орнуудын жишгээр зорилтот зах зээлийн орнуудад хандсан хил дээрээс виз олгох, цахим виз олгох зэрэг визийн хөнгөлөлттэй нөхцөлийг бүрдүүлэх бодлого зайлшгүй шаардлагатай байна.
Монгол Улсад 2017 онд аялсан жуулчдын 222 мянга нь олон улсын агаарын тээврээр зорчсон бөгөөд аялал жуулчлалын оргил үе буюу 6-8 дугаар саруудад нислэгийн тийз олддоггүй, олон улсын нислэгийн тийзийн үнэ нэмэгддэг зэрэг олон асуудлууд тулгамдсаар байна.
Мөн гадаадын жуулчдыг хүлээж авах олон улсын агаарын тээврийн ганц боомттойгоос шалтгаалан дундаж аяллын үнэ бүс нутгийн бусад улс орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр байна.
Иймд Монгол Улсын Засгийн газраас 2019 онд “Аялал жуулчлал”- ын салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэж, хөгжлийг эрчимжүүлэн, салбарын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, цаашид аялал жуулчлалыг бүс нутгуудад жигд хөгжүүлэх замаар орон нутагт тогтвортой хөгжлийг хангах зорилтын хүрээнд “Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар баримтлах бодлого”-ыг 2019-2026 онуудад хэрэгжүүлэхээр боловсрууллаа.
Энэ бодлогын баримт бичиг нь аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх, бүс нутаг бүрт аялал жуулчлалын хөгжлийг жигд цогцлоох, олон улсын аялал жуулчлалын зах зээлд Монгол Улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх замаар ажлын байрыг нэмэгдүүлэх, орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, нийгэм, эдийн засгийн өндөр үр өгөөжтэй, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэсэн болно.
Бодлогыг хэрэгжүүлэхэд нийт 1 тэрбум орчим ам.доллар шаардлагатай бөгөөд Монгол Улсад ирэх жуулчдын тоог 2020 онд 1 саяд хүргэх зорилтын биелэлтийг хангаснаар жилд аялал жуулчлалын салбараас дотоодын эдийн засагт орох орлогыг 1,4 тэрбумд, улмаар бодлого хэрэгжиж дуусах 2026 онд жилд ирэх жуулчдын тоог 1,7 саяд, салбарын жилийн орлогыг 2,4 тэрбум ам.долларт хүргэх боломж бүрдэнэ.
Хоёр. Бодлогын алсын хараа, зорилго, зорилт, хэрэгжүүлэхэд баримтлах зарчим
2.1. Бодлогын алсын хараа
Монгол Улс нүүдлийн соёл, түүхэн аялал жуулчлалын олон улсын төв болно.
2.2. Бодлогын зорилго
Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар баримтлах бодлогын зорилго нь үндэсний онцлог бүхий, хүрээлэн буй орчинд ээлтэй, нутгийн иргэдэд түшиглэсэн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлж, олон улсын аялал жуулчлалын зах зээлд Монгол Улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд оршино.
2.3. Бодлогын зорилтууд 2.3.1. аялал жуулчлалын салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох; 2.3.2. аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх; 2.3.3. аялал жуулчлалын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлж, гадаад сурталчилгаа, маркетингийн ажлыг эрчимжүүлэх, цар хүрээг нэмэгдүүлэх;
2.3.4. газар зүйн байрлал, байгаль, түүх, соёлын өвд тулгуурласан аялал жуулчлалын бүс нутгийг төрөлжүүлэн хөгжүүлж, эрүүл ахуй, үйлчилгээний чанар, стандартыг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх;
2.3.5. аялал жуулчлалын боловсрол, сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг хөгжүүлж, хүний нөөцийн ур чадварыг дээшлүүлэх, чадавхжуулах;
2.3.6. техник, технологи, шинжлэх ухааны дэвшлийг шингээсэн, цахим аялал жуулчлалыг хөгжүүлэх.
2.4. Бодлогыг хэрэгжүүлэхэд баримтлах зарчим
2.4.1. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, үндэсний эрх ашиг, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын зарчмуудад нийцсэн байх;
2.4.2. Монгол Улсын үндэсний онцлогт тулгуурласан байгаль, түүх, соёлын өвийн үйлдвэрлэлд түшиглэсэн, хадгалах, хамгаалах, өвлүүлэх, сурталчлах;
2.4.3. жуулчдын аюулгүй байдал болон эрүүл ахуй, үйлчилгээний стандартыг хангасан байх;
2.4.4. улирлын хамаарал багатай аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжлийн цогц байдлыг хангасан байх;
2.4.5. төр, шинжлэх ухаан, бизнесийн үр ашигтай хамтын ажиллагаанд тулгуурласан, харилцан уялдаатай нэгдмэл цогц байх;
2.4.6. байгаль-экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүйгээр унаган төрхийг нь хадгалан зүй зохистойгоор ашиглах; 2.4.7. олон улсад өрсөлдөх чадвартай, дэвшилтэт техник, технологийн хөгжил, инновацид суурилсан тэргүүн туршлагыг хөхиүлэн дэмжсэн байх.
Гурав. Бодлогыг хэрэгжүүлэх үе шат
3.1. Бодлогыг 2019-2026 онуудад дараах 2 үе шаттайгаар хэрэгжүүлнэ:
I үе шат: 2019-2022 онд аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлэх, аялал жуулчлалын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, дэд бүтцийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, өргөтгөх, бүх нийтийн аялал жуулчлалын боловсрол, сургалт, судалгааны ажлыг эрчимжүүлэх, өндөр ур чадвар бүхий боловсон хүчний нөөцийг бүрдүүлэх, салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ, шинэ зах зээл бий болох боломжийг бүрдүүлэх, маркетинг, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг гүйцэтгэнэ.
II үе шат: 2023-2026 онд аялал жуулчлалын салбарын өсөлтийг баталгаажуулах, инновацид суурилсан эдийн засгийн үр өгөөжтэй салбарыг төлөвшүүлэх, улс орны эдийн засаг, нийгэм, соёл, байгаль экологи, хүний хөгжилд оруулах аялал жуулчлалын үр нөлөөг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлнэ. Аялал жуулчлалын салбарын бүтээлч байдал, үр ашгийг дээшлүүлэх, тогтвортой хөгжилд суурилсан эко технологийг нэвтрүүлэх, аялал жуулчлалын улирлын хамаарлыг бууруулах, олон улсын аялал жуулчлалын сүлжээнд нэгдэж, олон улсын аялал жуулчлалын өрсөлдөх чадварын индексийг бүх төрлөөр дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
Дөрөв. Бодлогын зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа
4.1. Аялал жуулчлалын салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилтын хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:
4.1.1.Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг болон холбогдох эрх зүйн баримт бичгүүдийг боловсруулж, батлуулах;
4.1.2.тогтвортой аялал жуулчлалын шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулж, батлан, ногоон гэрчилгээг олгох;
4.1.3.аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгчдийг байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа эрхлэхэд дэмжлэг үзүүлэхэд зориулсан бага хүүтэй “Ногоон зээл”-ийг бий болгох;
4.1.4.аялал жуулчлалын үйл ажиллагааг жижиг, дунд бизнесийн ангилалд хамруулж, төрөөс жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөр, олгож байгаа хөнгөлөлттэй зээлд хамрагдах нөхцөлийг бүрдүүлэх;
4.1.5.“Аялал жуулчлалын сан”-г бий болгож, аялал жуулчлалыг хөгжүүлэх, дэд бүтцийг сайжруулах, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх төслүүдийг санхүүжүүлэх тогтолцоог бүрдүүлэх;
4.1.6.аялал жуулчлалын салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, нэмэгдүүлэх, бүтээн байгуулалтын томоохон төслийг хэрэгжүүлэхийг бодлогоор дэмжиж, төслийн тогтвортой, үр ашигтай байх нөхцөлийг хангах чиглэлээр эрх зүйн орчныг бүрдүүлэх;
4.1.7.аялал жуулчлалын томоохон төслүүдийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын тусгай дэглэм бүхий чөлөөт бүсүүдийг байгуулах, хөрөнгө оруулалтын таатай нөхцөлийг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх;
4.1.8.аялал жуулчлалын талаар хэрэгжих төсөл хөтөлбөрүүдэд гаалийн татвар, татвар, тарифын хөнгөлөлтүүдийг үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх;
4.1.9.жуулчдад цахим виз олгох, голлох зах зээлийн орнууд хилийн боомт дээрээс виз авах, аялал жуулчлалын тур оператор компаниар үйлчлүүлж байгаа бүлэг жуулчдыг хил орчмын аялал жуулчлалын визийн хөнгөлөлттэй нөхцөлөөр зорчуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх;
4.1.10.агаарын тээврийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч, чөлөөт өрсөлдөөнийг дэмжих;
4.1.11.жуулчдад татварын буцаан олголт олгох, татваргүй барааны бүсийг бий болгоход дэмжлэг үзүүлэх;
4.1.12.гадаадаас Монгол Улсад, Монгол Улсаас гадаад улс орнуудад аялж байгаа нийт жуулчид, жуулчдад үйлчилгээ үзүүлж байгаа хөтөч, жолооч нарыг даатгалд хамруулах тогтолцоог бүрдүүлэх;
4.1.13.аялал жуулчлалын статистик мэдээллийг тооцоолох “Аялал жуулчлалын дагуул дансны аргачлал”-ыг нэвтрүүлэх;
4.1.14.гадаадын жуулчинд үйлчилгээ үзүүлж байгаа аялал жуулчлалын байгууллагууд, зэрэглэл бүхий зочид буудал, жуулчны баазын үйлчилгээг төрөөс үзүүлэх дэмжлэг, хөнгөлөлтөд адил хамруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх;
4.1.15.аялал жуулчлалын улирлын хамаарлыг бууруулах хүрээнд аялал жуулчлалын идэвхгүй буюу 9-5 дугаар саруудад ажилладаг жуулчны баазуудад шөнийн цахилгааны хөнгөлөлт үзүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх;
4.1.16.эдийн засгийн өндөр үр өгөөжтэй аялал жуулчлалын хэлбэрүүдийг хөгжүүлэх хүрээнд Казиногийн тухай, Хурдан морины бооцоот уралдааны тухай хуулийн төслүүдийг боловсруулан, батлуулах;
4.1.17.өндөр уулын бүсэд аялах журам, усан аяллын журмуудыг боловсруулж, мөрдүүлэх.
4.2. Аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх зорилтын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
4.2.1. Дорнод, Өмнөговь, Өвөрхангай, Хөвсгөл, Увс, Ховд аймгуудын нисэх онгоцны буудлыг олон улсын нисэх буудал болгон
хөгжүүлж, орон нутгийн нисэх буудлуудын хүчин чадлыг нэмэгдүүлж бүсийн зангилаа (hub) буудлуудыг барьж байгуулах;
4.2.2. аялал жуулчлалын гол чиглэл дагуу авто замын сүлжээг сайжруулах, замын тэмдэг, тэмдэглэгээг нэгдсэн стандартын дагуу бий болгох;
4.2.3. аялал жуулчлалын гол чиглэл дагуу үйлчилгээний цогцолбор бүхий түр буудаллах цэгүүдийг батлагдсан стандарт, зураг төслийн дагуу төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулах;
4.2.4. аялал жуулчлалын гол чиглэлийн дагуу төмөр замын дэд бүтцийг хөгжүүлэх, галт тэргээр аялах жуулчдын үйлчилгээний нөхцөлийг сайжруулах;
4.2.5. аялал жуулчлал хөгжиж байгаа томоохон нууруудад усан аяллын нэгдсэн зогсоол бий болгож, тогтсон маршрутын дагуу аялал зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлэх;
4.2.6. явган аяллын гол чиглэл болон тусгай хамгаалалттай газар нутгийн аяллын зам, жимийг тохижуулах, мэдээллийн самбар, тэмдэг, тэмдэглэгээнүүдийг байршуулах;
4.2.7. жуулчид голлон зорих байгаль, түүх, соёлын өв бүхий газруудад отоглох цэгүүдийг байгуулах;
4.2.8. жуулчдад шаардлагатай мэдээллээр хангах мэдээллийн төв, цэгүүдийг Монгол Улсад нэвтрэх боомтуудад байгуулах;
4.2.9. зарим боомтуудыг олон улсын боомт болгох, газрын боомтуудаар жуулчин нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлэх;
4.2.10. аялал жуулчлалын гол бүс нутгуудыг эрчим хүчээр хангах;
4.2.11. аялал жуулчлалын идэвхтэй саруудаас бусад үед олон улсын болон орон нутгийн тээврийн (агаарын, төмөр замын, авто замын) үнийн уян хатан, хөнгөлөлттэй нөхцөлөөр дотоод, гадаадын жуулчдад үйлчлэх тогтолцоог бүрдүүлэх;
4.2.12. аялал жуулчлалын гол бүс нутгуудад байгаль орчинд ээлтэй технологиор хатуу хог хаягдлыг дарж булшлах, шингэн хог хаягдлыг нөөцлөх зориулалтын цэгүүдийг байгуулах;
4.2.13. аялал жуулчлалын гол бүс нутгуудад эко ариун цэврийн газруудыг байгуулах;
4.2.14. аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагуудад байгаль орчинд ээлтэй халаалт, цэвэрлэх байгууламж, ариун цэврийн газрууд, эрүүл ахуйн шаардлага хангасан технологийг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх.
4.3. Аялал жуулчлалын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлж, гадаад сурталчилгаа, маркетингийн ажлыг эрчимжүүлэх, цар хүрээг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:
4.3.1. Монгол Улсын гадаад, сурталчилгаа, маркетингийн стратеги төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх;
4.3.2. зорилтот зах зээлийн орнуудын онцлогт тохирсон маркетингийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, цар хүрээг нэмэгдүүлэх;
4.3.3. Монгол Улсын гадаад сурталчилгааны цахим платформыг бий болгох, түүнийг хөгжүүлэх;
4.3.4. аялал жуулчлалын сурталчилгааны дүрс бичлэг, зурган контент, гадаад сурталчилгааны хэвлэмэл материалыг боловсруулж түгээх ажлыг зохион байгуулах;
4.3.5. Монгол Улсын соёл, аялал жуулчлалын төвүүдийг зорилтот зах зээлийн орнуудад байгуулах, тогтмол үйл ажиллагаагаар хангах;
4.3.6. oлон улсын үзэсгэлэнд Монгол Улсыг сурталчлахад төр, хувийн хэвшлийн түншлэл, салбар дундын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх;
4.3.7. олон улсын нэр хүндтэй, олон үзэгчтэй хэвлэл мэдээллийн агентлагуудаар Монгол Улсын сурталчилгаа нэвтрүүлэх;
4.3.8. олон нийтийн сүлжээнд суурилсан цахим сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх;
4.3.9. Монгол Улсын нэгдэн орох шаардлагатай олон улсын гэрээ, хэлэлцээрийн жагсаалтын судалгаа гарган, нэгдэн орох бэлтгэлийг хангаж нэгдэн орох;
4.3.10. Монгол-Орос-Хятад улсын аялал жуулчлалын сайд нарын уулзалтыг жил бүр зохион байгуулж, хамтарсан төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх;
4.3.11. хөрш орнуудтай хамтран 1 аялал, 3 улс зэрэг хил орчмын болон хил дамнасан аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх;
4.3.12. торгоны зам, цайны зам, их түмэн голын аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөтөлбөрийн гишүүн улс орнуудтай хамтран хөгжүүлэх;
4.3.13. Нэгдсэн үндэстний байгууллагын Дэлхийн аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлж, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;
4.3.14. Төв Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Төв Азийн орнуудтай хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх.
4.4. Газар зүйн байрлал, байгаль, түүх, соёлын өвд тулгуурласан аялал жуулчлалын бүс нутгийг төрөлжүүлэн хөгжүүлж, эрүүл ахуй, үйлчилгээний чанар, стандартыг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:
4.4.1. баруун бүсэд-адал явдалт, тусгай сонирхлын, хангайн бүсэд-байгалийн, амралт зугаалгын, төвийн болон Улаанбаатарын бүсэд- албан, бизнесийн, говийн бүсэд-байгалийн, палеонтологи, геологи, геофизикийн, зүүн бүсэд-түүхэн аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлэх чиглэлээр аялал жуулчлалын нөөц, даацын судалгаа хийж, гол зорих газрууд, бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрөл, хөгжлийн чиг хандлагыг бүсчлэн тодорхойлох; 4.4.2. байгалийн унаган төрхийг хадгалах, хамгаалах чиглэлээр эко, тогтвортой аялал жуулчлалын бүсүүдийг тогтоож, хөгжүүлэх;
4.4.3. аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр нэн яаралтай хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтыг боловсруулж, батлуулах, батлагдсан төслүүдийг хэрэгжүүлэх ажлыг бодлогоор дэмжих; 4.4.4. Орхоны хөндийн байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын үндэсний парк бий болгох, Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, Хэнтий аймагт мянганы суут хүн их эзэн Чингис хаан аялал жуулчлалын цогцолбор байгуулах, Дорнод аймагт хил орчмын аялал жуулчлалын цогцолбор байгуулах, Өмнөговь аймагт палеонтологийн аялал жуулчлалын үндэсний хүрээлэн байгуулах, Ховд аймагт олон ястны соёлын хүрээлэн байгуулах,
Говийн бүсэд аялал жуулчлалын чөлөөт бүс байгуулах болон бусад төслүүдийг хэрэгжүүлэх замаар орон аялал жуулчлалын эдийн засаг нийгмийн үр өгөөжийг нэмэгдүүлэх;
4.4.5. рашаан сувилалд түшиглэсэн эрүүл мэндийн аялал жуулчлалын бүсүүдийг хөгжүүлэх;
4.4.6. спортын аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх, өндрийн спортын бэлтгэлийн төвийг байгуулах;
4.4.7. нүүдлийн соёл, аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх;
4.4.8. хил орчмын аялал жуулчлалын хөгжлийг эрчимжүүлэх, хил дамнасан болон хил орчмын аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжлийг дэмжих;
4.4.9. аялал жуулчлалын арга хэмжээнүүдийг бүсийн хэмжээнд харилцан уялдаатай тогтоож, зохион байгуулах ажлыг тогтмолжуулах, цар хүрээг өргөжүүлэх;
4.4.10. аялал жуулчлалын улирлын хамаарлыг бууруулах стратеги төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх;
4.4.11. Улаанбаатар хотод бизнес аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх;
4.4.12. Улаанбаатар хотод олон улсын жишигт нийцсэн хурал, үзэсгэлэнгийн төв (convention center) байгуулах;
4.4.13. аялал жуулчлалын идэвх багатай 9-5 дугаар сард зохион байгуулагдаж байгаа аялал жуулчлалын арга хэмжээний цар хүрээг нэмэгдүүлэх, зохион байгуулалтыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх;
4.4.14. шашин, соёл, спорт, адал явдалт аялал, техник, технологи, шинжлэх ухааны дэвшилтийг агуулсан улирлын хамаарал багатай аялал жуулчлалын төрөл хэлбэрийг бодлогоор дэмжих;
4.4.15. морин аяллын стандартыг боловсруулж, мөрдүүлэх, морин аяллын хөтөч нарыг стандарт бүхий хувцас хэрэглэл, тоноглолоор хангах;
4.4.16. аялал жуулчлалын үйлчилгээний стандартыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэн баталж, мөрдүүлэх;
4.4.17. нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжлийг бодлогоор дэмжиж, аялал жуулчлалд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх. 4.5. Аялал жуулчлалын боловсрол, сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг хөгжүүлж, хүний нөөцийн ур чадварыг дээшлүүлэх, чадавхжуулах зорилтын хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:
4.5.1. Нэгдсэн үндэстний байгууллагын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын (UNWTO) Тогтвортой аялал жуулчлалын тандан судалгааны төвийг Монгол Улсад байгуулах;
4.5.2. дээд боловсролын болон техник мэргэжлийн ажилчдын аялал жуулчлалын мэргэжлийн индексийг шинэчлэх;
4.5.3. аялал жуулчлалын олон улсын жишигт нийцсэн дээд боловсролын хичээлийн хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, их дээд сургуулиудад мөрдүүлэх;
4.5.4. аялал жуулчлалын дээд боловсролын сургалтын жишиг хөтөлбөр, гарын авлага боловсруулах, нэвтрүүлэх;
4.5.5. аялал жуулчлалын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгааг тогтмол хийж, аялал жуулчлалын сургалт, судалгаа, үйлдвэрлэлд ашиглах боломжийг бүрдүүлэх;
4.5.6. ажлын байрны стандартад нийцсэн аялал жуулчлалын үйлчилгээний ажилтны сургалтын хөтөлбөрийг боловсруулж, батлуулах;
4.5.7. аялал жуулчлалын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв байгуулах;
4.5.8. аялал жуулчлалын хүний нөөцийн цахим мэдээллийн санг бий болгож, ажилчдын нээлттэй үнэлгээний тогтолцоог бүрдүүлэх;
4.5.9. “аялал жуулчлалын салбарын ажиллагсдын ёс зүйн дүрэм”-ийг боловсруулж, батлан мөрдүүлэх;
4.5.10. хөтөчийн ангилал, зэрэглэлийг бий болгож, эрх олгох, гэрчилгээжүүлэх, үйлчилгээний ажилтнуудын гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх цахим сургалтуудыг хийх;
4.5.11. бүх нийтэд аялал жуулчлалын боловсрол олгох ажлыг үе шаттай хэрэгжүүлж, жуулчдаас байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах.
4.6. техник, технологи, шинжлэх ухааны дэвшлийг шингээсэн, цахим аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:
4.6.1. аялал жуулчлалын нэгдсэн мэдээллийн санг бий болгох;
4.6.2. цахим аялал жуулчлалаар дэлхийд тэргүүлэгч байгууллагуудтай хамтран Монголын цахим аялал жуулчлалын хэрэгцээ, шаардлагыг тодорхойлуулж, хөгжлийн төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх;
4.6.3. дотоод, гадаадын жуулчдад зориулсан гар утасны аппликейшн бий болгож, мэдээ, мэдээллийг нэг дороос авах, жуулчдын аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх;
4.6.4. аялал жуулчлалын зорих газрууд, үйлчилгээний байгууллагуудын байршлыг 3 үгт хаягжуулалтад хамруулах замаар дотоод, гадаадын жуулчид гар утасны аппликейшнээр байршлыг хялбар олох нөхцөлийг бүрдүүлэх;
4.6.5. олон улсын болон дотоодын судалгааны ажлуудыг нэгтгэсэн “Аялал жуулчлалын цахим номын сан”-г бий болгох.
Тав. Бодлогын үр нөлөө, бүтээгдэхүүний шалгуур үзүүлэлт
5.1. Аялал жуулчлалын салбарын олон улсад өрсөлдөх чадварын үзүүлэлтийг 102 дугаар байрнаас 85 дугаар байранд хүргэсэн байна.
5.2. Монгол Улсад 1 жилд аялах гадаадын жуулчдын тоог 2022 онд 1,2 сая, 2026 онд 1,7 саяд хүргэсэн байна.
5.3. Аялал жуулчлалын салбарын жилийн орлогыг 2022 онд 1,2 тэрбум ам.долларт, 2026 онд 1,8 тэрбум ам.долларт хүргэсэн байна.
5.4. Аялал жуулчлалын салбар дахь ажлын байрны тоог 2022 онд 85 мянга, 2026 онд 125 мянгад хүргэсэн байна.
Зургаа. Бодлогыг хэрэгжүүлэх санхүүжилтийн эх үүсвэр
6.1. Бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээг дараах эх үүсвэрээр санхүүжүүлнэ:
6.1.1. улсын болон орон нутгийн төсөв;