Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөл, гэрчилгээний загвар, журам батлах тухай № 271
2019 оны 7 дугаар Улаанбаатар сарын 3-ны өдөр Дугаар 271 хот
Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөл, гэрчилгээний загвар, журам батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
“Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөл, гэрчилгээний загвар”-ыг 1 дүгээр хавсралт, “Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөл олгох журам”-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
Засгийн газрын 2019 оны 271 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт
Нэг. Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөл
1.1. Монгол Улсын Засгийн газрын “Хүндэт өргөмжлөл” нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, цог хийморийг илтгэсэн алтан соёмбыг хүндэтгэлийн баганат суурин дээр байрлуулсан зохиомж байна.
1.2. Соёмбо нь алтан шармал өнгөтэй байх бөгөөд баганат суурийг хар ногоон өнгийн хаш үнэт чулуугаар хийсэн байна.
Соёмбын талууд нь 54 мм, өндөр нь 170 мм байна.
Баганат суурин талууд нь 82 мм, өндөр нь 120 мм байна.
Багана нь 20 мм зузаан, 118 мм өргөн давхар суурьтай ба налуу тал дээр нь 60х15 мм алтан шармал ялтас дээр “Хүндэт …………...........................Танд” “Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөл олгов. Он, сар, өдөр” гэсэн бичээс, шагнагдсан хүний овгийн эхний үсэг, нэрийг бичих зай байна.
Хоёр. Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөлийн гэрчилгээ
2.1. Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөлийн гэрчилгээ нь 40х28 см-ийн хэмжээтэй дэлгэмэл хуудсан дээр босоо байрлалтай байх бөгөөд гэрчилгээг жаазанд байрлуулсан байна.
2.2 Гэрчилгээний дэлгэмэл хуудсыг тойруулан мөнгөлөг өнгийн түмэн насан хээгээр хүрээлэх бөгөөд хүрээний дотор тал нь бүдэг мөнгөлөг өнгийн түмэн насан хээн дэвсгэртэй байна.
2.3. Гэрчилгээний дээд хэсэгт Төрийн сүлд, түүний дор “Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын төрд зүтгэмү” гэсэн Эзэн Богд Чингис хааны алтан гэрэгэний бичээсийг шармал өнгөөр бичнэ.
Түүний доод хэсэгт “МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛИЙН ГЭРЧИЛГЭЭ” гэж шармал өнгөөр бичиж доод талд нь гэрчилгээний дугаарыг бичнэ. Монгол Улсын Ерөнхий сайдын эцгийн болон өөрийнх нь нэрийн эхний үсгийг дугаарын индекс болгон хэрэглэнэ.
Түүний доор нь шагнагдаж байгаа хүний эцгийн болон өөрийн нэр, юуны учир шагнах болсныг бичих зай байх бөгөөд дараа нь “Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагнаж гэрчилгээ олгов.” гэсэн үгийг бичнэ.
Түүний доод хэсэгт нь Монгол Улсын Ерөнхий сайд гарын үсэг зурахаар албан тушаалын нэр, гарын үсгийн тайллыг бичиж хэвлэсэн байна. Гэрчилгээний доод хэсэгт Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагнагдсан он, сар, өдөр болон Улаанбаатар хот гэж бичнэ.
Засгийн газрын 2019 оны 271 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөл нь Монгол Улсын Засгийн газрын дээд шагнал мөн.
1.2. Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөл (цаашид “Хүндэт өргөмжлөл” гэх)-өөр Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг ханган, төрийн алба, хууль ёсыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засаг, соёл, урлаг, шинжлэх ухаан-техникийг хөгжүүлэхэд гарамгай гавьяа байгуулж, үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын иргэн, төрийн албан хаагчийг шагнана.
1.3. Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх, улс түмний эв нэгдэл, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан гадаадын иргэнийг Хүндэт өргөмжлөлөөр шагнаж болно.
1.4. Хүндэт өргөмжлөлөөр Монгол Улсын болон гадаадын иргэнийг жилд нэг удаа буюу Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэлгэдсэн үндэсний уламжлалт их баяр “Үндэсний их баяр наадам”-ыг тохиолдуулан шагнана.
1.5. Хүндэт өргөмжлөлөөр шагнах асуудлыг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ.
1.6. Хүндэт өргөмжлөлөөр шагнахад Хүндэт өргөмжлөлийн гэрчилгээ олгоно.
1.7. Хүндэт өргөмжлөлөөр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нам, олон нийтийн байгууллага, аж ахуйн нэгж, цэргийн анги нэгтгэлийг шагнахгүй.
Хоёр. Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөлд нэр дэвшүүлэх, тодорхойлох
2.1. Энэ журмын 1.2, 1.3-т заасан шаардлагыг хангасан иргэнийг Хүндэт өргөмжлөлөөр шагнуулахаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн нэр дэвшүүлэн тодорхойлно.
2.2. Хүндэт өргөмжлөлөөр шагнуулахаар нэр дэвшүүлсэн иргэнийг тодорхойлохдоо энэ журмын хавсралтаар баталсан тодорхойлолт, шагнуулах нэр дэвшүүлсэн Засгийн газрын гишүүний гарын үсэгтэй албан бичиг, зөвлөлийн хурлын шийдвэр, онцгой гавьяа байгуулсан, амжилт
гаргасан бол түүнийг гэрчлэх баримт бичиг, холбогдох шийдвэрийн хуулбар зэрэг материалыг бүрдүүлнэ.
2.3. Хүндэт өргөмжлөлөөр шагнуулахаар нэр дэвшсэн иргэний тодорхойлолт нь үнэн зөв, ажлын үр дүн, гаргасан гавьяа зүтгэл, амжилт, оруулсан хувь нэмрийг товч тодорхой бичсэн байх бөгөөд холбогдох судалгаа, үзүүлэлтийг тусгасан байна.
2.4. Хүндэт өргөмжлөлөөр шагнагдсан Монгол Улсын иргэнд 2 000 000 (хоёр сая) төгрөгийн дагалдах мөнгөн шагнал олгоно.
2.5. Хүндэт өргөмжлөлөөр шагнагдсан гадаадын иргэнд дагалдах мөнгөн шагнал олгохгүй.
2.6. Хүндэт өргөмжлөлөөр иргэдийг шагнуулах материалыг хянан боловсруулж, Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх, бусад үйлчилгээ, дэмжлэг үзүүлж, зохицуулах ажлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар эрхлэн гүйцэтгэнэ.
Загвар
Зураг
1.Овог нэр -------------------------------------------------------- 2. Төрсөн он, сар, өдөр -------------------------------------------------------- 3. Регистрийн дугаар ------------------------------------------------------- 4. Хүйс ------------------------------------------------------- 5. Боловсрол, мэргэжил ------------------------------------------------------- 6. Төрсөн аймаг, хот ------------------------------------------------------- сум, дүүрэг ------------------------------------------------------- 7. Ажил эрхлэлтийн байдал --------------------------------------------------- 8. Ажилласан хугацаа. Нийт: ... жил. Үүнээс: тухайн салбарт .... жил, тухайн хамт олны дотор ... жил. 9. Төр, засгийн шагналаар шагнагдсан байдал: -------------------------------------------------------------------------------------------- 10. Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагнуулах үндэслэл: -------------------------------------------------------------------------------------------- --------------------------------------------------------------------------------------------
Гарын үсэг