Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 30
(747)
— 1801 —

“Эрдэнэс МГЛ” ХХК-ийн дүрмийг батлах, Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилох тухай № 167

ГАРЧИГ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

449. “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн дүрмийг батлах, Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилох тухай Дугаар 167 1801

450. Сургууль байгуулах, нэмэгдэл олгох тухай Дугаар 179 1816

451. “Багшийн мэргэжил дээшлүүлэх институт” байгуулах тухай Дугаар 180 1818

452. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны тухай Дугаар 181 1823

453. 2012 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай Дугаар 182 1824

454. Тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийн хэмжээг тогтоох тухай Дугаар 184 1827

455. Журам батлах тухай Дугаар 185 1830

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 5 дугаар Улаанбаатар сарын 16-ны өдөр Дугаар 167 хот “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн дүрмийг батлах, Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилох тухай

Хүний хөгжил сангийн тухай хуулийн 8.3, 10.2, Компанийн тухай хуулийн 62.1.1, 62.1.7, Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн дүрэм (шинэчилсэн найруулга)-ийг 1 дүгээр, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүнийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн дүрэм (шинэчилсэн найруулга)-ийг баталсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, Төрийн өмчийн хороо (Б.Заяабал)-нд даалгасугай:

2.1. компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гүйцэтгэх захирлыг Төлөөлөн удирдах зөвлөлөөс санал болгосны дагуу Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэх;

2.2. компанийн үйл ажиллагаанд байнгын хяналт тавих чиг үүрэг бүхий хяналтын зөвлөлийн гишүүдийг томилох асуудлыг зохих журмын дагуу Улсын Их Хуралд тавьж шийдвэрлүүлэх.

З. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдийн төрийн мэдлийн хувьцааг “Эрдэнэс МГЛ” ХХК-д эзэмшүүлэх, эдгээр ордын төрд ногдох ашгаас Монгол Улсын иргэнд хишиг хувь хүртээх ажлыг Засгийн газрын 2010 оны 350 дугаар тогтоолын дагуу зохион байгуулан хэрэгжүүлэх талаар санал боловсруулж 2012 оны 6 дугаар сард багтаан Засгийн газарт танилцуулахыг Төрийн өмчийн хороо (Б.Заяабал), “Эрдэнэс МГЛ” ХХК- ийн гүйцэтгэх захирал Я.Долгоржав нарт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Ч.ХҮРЭЛБААТАР

Засгийн газрын 2012 оны 167 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

“ЭРДЭНЭС МГЛ” ХЯЗГААРЛАГДМАЛ ХАРИУЦЛАГАТАЙ КОМПАНИЙН ДҮРЭМ

(Шинэчилсэн найруулга)

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү дүрэм нь “Эрдэнэс МГЛ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн эрх зүйн байдал, үйл ажиллагааны чиглэл, удирдлага, тэдгээрийн эрх, үүргийг тодорхойлсон үндсэн баримт бичиг мөн.

1.2. “Эрдэнэс МГЛ” хязгаарлагдмал хариуцлагатай компани (цаашид “Компани” гэх) нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Хүний хөгжил сангийн тухай хууль, Компанийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэхүү дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулна.

1.3. Компани нь бие даасан тайлан тэнцэлтэй, өөрийн нэрийн өмнөөс эрх, үүрэг хүлээдэг, өөрийн тусгаарласан эд хөрөнгөтэй, ашгийн төлөө хуулийн этгээд байна.

Хоёр. Компанийн хэлбэр, оноосон нэр, байршил 2.1. Компани нь хязгаарлагдмал хариуцлагатай компани байна.

2.2. Компанийн оноосон нэр нь “Эрдэнэс МГЛ” хязгаарлагдмал хариуцлагатай компани, товчилсон нэр нь “ЭМГЛ” ХХК (англиар “Erdenes MGL” LLC буюу “EMGL” LLC) болно.

2.3. Компанийн оршин байгаа газар, шуудангийн хаягийг түүний ерөнхий захиргаа байршин байгаа газрын хаягаар тодорхойлно. Хаягийн өөрчлөлтийг компанийн гүйцэтгэх удирдлага тухай бүр гэрчилгээнд тусгуулна. Гурав. Компанийн тэмдэг

3.1. Компани нь өөрийн бэлэгдэл (эмблем)-тэй байхаас гадна хууль тогтоомжид заасны дагуу албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдэг хэрэглэнэ.

3.2. Тэмдэг нь компанийн албан ёсны шийдвэр, албан бичиг, гэрээ хэлцлүүдийг баталгаажуулна. Тэмдгийг компанийн гүйцэтгэх удирдлагаас итгэмжлэн хариуцуулсан этгээд хадгална.

3.3. Бэлэгдэл, тэмдгийн загварыг Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталж, Оюуны өмчийн газарт бүртгүүлсэн байх бөгөөд тэдгээрийг хэрэглэх эрхийг зөвхөн компани эдэлнэ.

Дөрөв. Компанийн үндсэн зорилго, зарчим, үйл ажиллагааны чиглэл

4.1. Компанийн үндсэн зорилго нь монгол хүний хөгжлийг дэмжихэд чиглэгдсэн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд болон улсын төсвийн хөрөнгөөр эрэл, хайгуул хийж нөөцийг нь тогтоосон

ашигт малтмалын ордыг ашиглах үеийн төрийн оролцоог хэрэгжүүлж, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдийн төрийн мэдэл (эзэмшил)-ийн хувьцааг эзэмших, төрд ногдох орлогыг Хүний хөгжил санд төвлөрүүлэх, ашигт малтмал эрж хайх, ашиглах тусгай зөвшөөрөл эзэмших, нийгмийн болон хүний хөгжлийг хангахад чиглэгдсэн төслүүдийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд оршино.

4.2. Компани нь үйл ажиллагаандаа бие даасан, олон нийтэд ил тод байх, байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, хувь хүн, улс төрийн намын эрх ашигт автагдахгүй байх үндсэн зарчмыг баримтална.

4.3. Компани нь дараахь үйл ажиллагааг эрхлэн явуулна:

4.3.1. стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд болон улсын төсвийн хөрөнгөөр эрэл, хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ордыг ашиглах үеийн төрд ногдох дараахь ашгийг төвлөрүүлэх:

4.3.1.1. стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг, хувьцаа борлуулсны орлого;

4.3.1.2. стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд ашиглахтай холбогдуулан авсан урьдчилгаа хөрөнгийн тодорхой хэсэг.

4.3.2. стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн шилжилт, хөдөлгөөнд хяналт тавих;

4.3.3. стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд болон улсын төсвийн хөрөнгөөр эрэл, хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ордын ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн тооллогыг 2 жилд нэг удаа явуулах;

4.3.4. компани нь дараахь чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлнэ:

4.3.4.1. стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод нөөцийн үнэлгээ хийх;

4.3.4.2. ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн өмчийн оролцоотой компаниудын төрийн

мэдэл (эзэмшил)-ийн хувьцааг борлуулах, стратегийн хөрөнгө оруулагчийг татан оролцуулах;

4.3.4.3. стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээдийн хувьцааг дотоод, гадаадын хөрөнгийн биржээр арилжаалах;

4.3.4.4. төрийн захиргааны холбогдох байгуу- ллага, Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг түшиглүүлэн уулын олборлох, боловсруулах үйлдвэр байгуулах боломжит хувилбарыг тодорхойлох, шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулах, дэд бүтцийг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө боловсруулах.

4.4. Компани нь энэхүү дүрмийн 4.3-т зааснаас гадна хуулиар хориглоогүй бусад аж ахуйн үйл ажиллагаа явуулж, орлого нэмэгдүүлэх, стратегийн ач холбогдол бүхий ордыг түшиглүүлэн өөрийн охин болон хараат компанийг үүсгэн байгуулах, орон нутагт болон гадаад оронд өөрийн салбар төлөөлөгчийн газрыг байгуулан ажиллуулж болох бөгөөд энэ тухай шийдвэрийг Төлөөлөн удирдах зөвлөл гаргана.

4.5. Компанийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, компанийн удирдлагатай холбоотой мэдээллийг өдөр тутмын хэвлэлээр хагас жил тутам нийтэд хүртээмжтэй хэлбэрээр мэдээлнэ.

4.6. Хувьцаа эзэмшигчдийн хурлаас компанийг татан буулгахаар шийдвэрлэсэн болон холбогдох хууль тогтоомжид заасан бусад үндэслэл үүсч үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй болсноос бусад тохиолдолд компани нь үйл ажиллагаагаа хугацаагүй явуулна.

Тав. Компанийн энгийн болон давуу эрхийн хувьцаа

5.1. Компани нь 100.000.000 (нэг зуун сая) ширхэг энгийн, мөн 3.000.000 (гурван сая) ширхэг давуу эрхийн хувьцаатай байна. Энгийн хувьцааны нэг бүрийн нэрлэсэн үнэ 1 (нэг) төгрөг байна. Давуу эрхийн хувьцааны нэг бүрийн нэрлэсэн нэрлэсэн үнэ 1 (нэг) төгрөг байна.

5.2. Компани нь Монгол Улсын нийт иргэн бүрт олгох давуу эрхийн хувьцааг Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн нэгдсэн сангийн албан ёсны тоон мэдээлэлд үндэслэн гаргах бөгөөд тухайн төрлийн давуу эрхийн хувьцааны үнэ, нөхцөлийг Төлөөлөн удирдах зөвлөлөөс тогтоосон нөхцөлөөр, эсхүл энэхүү дүрэмд зааснаар гаргана.

5.3. Компанийн давуу эрхийн хувьцааг Хүний хөгжил сангийн тухай хуулийн 15.1-д заасан хүн ам, өрхийн бүртгэлд бүртгэгдсэн, иргэний харьяаллын зөрчилгүй Монгол Улсын иргэнд үнэ төлбөргүйгээр эзэмшүүлэх бөгөөд давуу эрхийн хувьцааг худалдах, арилжих, бэлэглэх, барьцаалах, өв залгамжлахыг хориглоно.

5.4. Давуу эрхийн хувьцаа эзэмшигч иргэн нас барсан болон Монгол Улсын иргэний харьяатаас гарсан тохиолдолд давуу эрхийн хувьцааны эрх дуусгавар болно.

5.5. Хүний хөгжил сангийн тухай хууль болон энэхүү дүрэмд өөрөөр заагаагүй бол компанийн гаргаж байгаа давуу эрхийн хувьцаа эзэмшигчийн эрх нь Компанийн тухай хуульд зааснаар тодорхойлогдоно.

5.6. Давуу эрхийн хувьцаанд хуваарилах ногдол ашиг буюу хишиг хувийг зохих шийдвэрийн дагуу Хүний хөгжил сангийн тухай хуульд заасан хэлбэрээр олгох бөгөөд давуу эрхийн хувьцааны нэрлэсэн үнэ нь ногдол ашиг буюу хишиг хувь хүртэхэд нөлөөлөхгүй.

5.7. Энгийн хувьцаа эзэмшигч нь өөрийн эзэмшиж байгаа энгийн хувьцаа бүрийн тоогоор хувьцаа эзэмшигчдийн хуралд санал өгөх эрхтэй байна.

5.8. Компанийн энгийн хувьцаа нь Монгол Улсын Их Хурлаас эрх олгосноор Засгийн газрын шийдвэр гарах хүртэл бусдад арилжаалагдах эрхгүй хувьцаа байна.

5.9. Компани нь цаашид нэмж хувьцаа гаргах бол тэдгээрийн тоо, гаргах хугацаа, нөхцөлийг хувьцаа эзэмшигчдийн хурал тогтооно.

Зургаа. Компанийн удирдлага

6.1. Компанийн удирдлага нь дараахь бүтэцтэй байна:

6.1.1. хувьцаа эзэмшигчдийн хурал;

6.1.2. Төлөөлөн удирдах зөвлөл;

6.1.3. гүйцэтгэх удирдлага.

Долоо. Хувьцаа эзэмшигчдийн хурал

7.1. Компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна. Хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг Монгол Улсын Засгийн газрын өмнөөс Төрийн өмчийн хороо хэрэгжүүлнэ.

7.2. Хувьцаа эзэмшигчдийн хурлыг Компанийн тухай хууль, холбогдох дүрэм, журамд заасны дагуу зохион байгуулна.

7.3. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг компанийн санхүүгийн жил дууссанаас хойш 4 сарын дотор зарлан хуралдуулна.

7.4. Шаардлагатай гэж үзвэл Төлөөлөн удирдах зөвлөлийн санаачилгаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хэдийд ч хуралдуулж болно.

7.5. Хувьцаа эзэмшигчдийн хурлаас шийдвэрлэсэн асуудлаар тогтоол гаргана. Хурлын явц, хэлэлцсэн асуудлын талаар дэлгэрэнгүй тэмдэглэл хөтөлнө.

7.6. Дор дурдсан асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ:

7.6.1. компани нийлэх, нэгдэх, хуваах, тусгаарлах буюу өөрчлөх хэлбэрээр компанийг өөрчлөн байгуулах;

7.6.2. компанийн хэлбэрийг өөрчлөх;

7.6.3. компанийг татан буулгах болон татан буулгах комиссыг томилох;

7.6.4. компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаархи Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах;

7.6.5. компанийн зарласан энгийн хувьцааны төрөл болон хэмжээнд багтаан хувьцаа гаргах асуудлыг шийдвэрлэх;

7.6.6. компанийн гаргасан давуу эрхийн хувьцаанаас бусад үнэт цаасыг худалдан авах, эргүүлэн авах шийдвэр гаргах;

7.6.7. Компанийн тухай хуулийн дагуу болон Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр хувьцаа эзэмшигчдийн хуралд хэлэлцүүлэхээр оруулсан бусад асуудал.

7.7. Энэхүү дүрмийн 7.6.1, 7.6.2, 7.6.3-т дурдсан асуудлыг Засгийн газраас зөвшөөрсний үндсэн дээр хэлэлцэж шийдвэрлэнэ.

Найм. Төлөөлөн удирдах зөвлөл

8.1. Хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөөт цагт компанийн эрх барих дээд байгууллага нь Төлөөлөн удирдах зөвлөл байна.

8.2. Төлөөлөн удирдах зөвлөл нь 9 гишүүнтэй байх бөгөөд Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага тус бүр 1 хүний, Засгийн газар 6 хүний нэрийг тус тус дэвшүүлж, тэдгээрийг Засгийн газар томилж, чөлөөлнө.

8.3. Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг гишүүдийн дотроос Төлөөлөн удирдах зөвлөлийн санал болгосноор Засгийн газар томилно.

8.4. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа 6 жил байна.

8.5. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн нь эдийн засаг, банк, санхүү, эрх зүйн аль нэг чиглэлээр мэргэжил эзэмшсэн, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан, ял шийтгүүлж байгаагүй Монгол Улсын иргэн байна.

8.6. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд дараахь этгээдийг нэр дэвшүүлэхгүй:

8.6.1. төрийн улс төрийн албан хаагч;

8.6.2. улс төрийн намын удирдах албан тушаалтан;

8.6.3. Үндсэн хуулийн цэцийн гишүүн, бүх шатны шүүхийн шүүгч, прокурор.

8.7. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүнд дараахь шаардлага тавина:

8.7.1. татварын болон бусад хугацаа хэтэрсэн аливаа өргүй;

8.7.2. ял шийтгүүлж байгаагүй;

8.7.3. ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь компанийг удирдахад харшлахгүй байх.

8.8. Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хуралдааныг улиралд нэгээс доошгүй удаа хийнэ.

8.9. Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар дор дурьдсан асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ:

8.9.1. компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тоо, удирдлагын зардлын дээд хязгаарыг батлах;

8.9.2. компанийн гүйцэтгэх захирлыг санал болгон Засгийн газарт оруулах;

8.9.3. компанийн гүйцэтгэх захиралтай байгуулах гэрээний нөхцөл, түүнд олгох цалин, шагнал урамшуулал, өмч хөрөнгийг захиран зарцуулах эрх, хариуцлагын хэмжээг тогтоох;

8.9.4. компанийн дэд захирал, ерөнхий нягтлан бодогч нарыг томилох, түдгэлзүүлэх, чөлөөлөх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх;

8.9.5. компанийн охин компани болон харьяанд салбар, төлөөлөгчийн газар байгуулах, тэдгээрийн захирал, дарга нарыг томилох, түдгэлзүүлэх, чөлөөлөх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх;

8.9.6. компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаар дүгнэлт гаргах;

8.9.7. эд хөрөнгийн болон эд хөрөнгийн эрхийн зах зээлийн үнийг тогтоох;

8.9.8. компанийн тайлан тэнцэлд хийсэн хөндлөнгийн аудитын дүгнэлтийг хэлэлцэж шийдвэр гаргах;

8.9.9. Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журмыг батлах;

8.9.10. компанийн шинээр худалдаж авах болон акталж устгах, худалдах, шилжүүлэх үндсэн хөрөнгийн асуудлыг хэлэлцэж, дүгнэлт гаргах;

8.9.11. компанийн тухай хуулийн 11 дүгээр бүлэгт заасны дагуу их хэмжээний хэлцэл хийх зөвшөөрөл олгох;

8.9.12. компанийн тухай хуулийн 12 дугаар бүлэгт тодорхойлсон сонирхлын зөрчил бүхий этгээдтэй хэлцэл хийх зөвшөөрөл олгох;

8.9.13. энэхүү дүрмийн 4.3.1-д заасны дагуу компанид орсон орлогыг хуваарилах, хөрөнгө оруулалтын төрөл, хэмжээг тогтоох, батлах;

8.9.14. байгаль орчин, нийгмийн болон хүний хөгжлийг дэмжих, өөрийн охин компаниудын бизнесийн үйл ажиллагааг өргөтгөхөд шаардлагатай хөрөнгө оруулалтыг бүрдүүлэх, улс, орон нутгийн шинжтэй төслүүдийг санхүүжүүлэх төлөвлөгөөг батлах;

8.9.15. энэхүү дүрэм болон Компанийн тухай хуульд заасны дагуу зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэхээс бусад бүх асуудал компанийн бодлогын баримт бичгийг хэлэлцэх.

8.10. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нь Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааг зохион байгуулж, түүний хурлыг хуралдуулах, хурал даргалах, хурлын тэмдэглэлийг хөтлүүлэх, хяналт тавих үүргийг хүлээнэ.

8.11. Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг түр эзгүйд түүний үүргийг Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаас үүрэг болгосны дагуу аль нэг гишүүн гүйцэтгэнэ.

8.12. Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг Компанийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан журмын дагуу хуралдуулна.

8.13. Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаас гарах шийдвэрийн талаар хуралд оролцсон гишүүдийн санал тэнцвэл Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын саналаар шийдвэрлэнэ.

8.14. Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг хуралдуулах, хурал хүчинтэй байх, гишүүдийн хуралд оролцох, асуудал хэлэлцэх, хурлын дэгийг тогтоох, Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын эрх болон бусад холбогдох асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журамд тусгана.

8.15. Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргыг Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга санал болгосны дагуу Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаас томилно. Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын эрх, үүргийг Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журамд тусгана. 8.16. Төлөөлөн удирдах зөвлөл нь жилд нэгээс доошгүй удаа хувьцаа эзэмшигчдийн хуралд ажлаа тайлагнана.

Ес. Компанийн гүйцэтгэх удирдлага

9.1. Компанийн гүйцэтгэх удирдлагыг гүйцэтгэх захирал хэрэгжүүлнэ. Гүйцэтгэх захирлыг Төлөөлөн удирдах зөвлөлийн санал болгосноор Засгийн газар томилж, чөлөөлнө.

9.2. Гүйцэтгэх захирал нь компанийн дүрэм болон Төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний хүрээнд компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна.

9.3. Гэрээнд гүйцэтгэх захирлын эрх, үүрэг, цалин, шагнал урамшуулал, өмч хөрөнгийг захиран зарцуулах эрх, хариуцлагын хэмжээ болон бусад асуудлыг тусгаж, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гарын үсэг зурна.

9.4. Гүйцэтгэх захирал албан үүргээ хэрэгжүүлэх явцад энэ дүрмээр хүлээсэн үүргээ зөрчиж, компанийн нэр хүнд, эдийн засгийн байдалд хохирол учруулсан болох нь тогтоогдвол бүрэн эрхийг нь зогсоох асуудлыг компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн Засгийн газар гаргана.

9.5. Гүйцэтгэх захирал нь компанийн дэд захирал, ерөнхий нягтлан бодогч, салбар, төлөөлөгчийн газрын захирлыг компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд, охин компанийн гүйцэтгэх захирлыг тухайн компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд тус тус санал оруулж томилуулах, түдгэлзүүлэх, чөлөөлөх тухай асуудлыг шийдвэрлүүлнэ. Шаардлагатай бол Төлөөлөн удирдах зөвлөл өөрийн санаачлагаар тэдгээрийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж болно.

9.6. Гүйцэтгэх захирал нь дараахь шалгуурыг хангасан байна:

9.6.1. менежментийн өндөр ур чадвартай, 10-аас доошгүй жил удирдах ажил хийж байсан дадлага туршлагатай, дээд боловсролтой байх;

9.6.2. зээл буюу батлан даалтын гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;

9.6.3. ял шийтгүүлж байгаагүй;

9.6.4. ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь компанийг удирдахад харшлахгүй байх.

9.7. Гүйцэтгэх захирлын үйл ажиллагаатай холбогдон үүссэн маргааныг шүүх хянан шийдвэрлэхэд Төлөөлөн удирдах зөвлөлөөс томилсон итгэмжлэгдсэн төлөөлөгч компанийг төлөөлөн оролцоно.

9.8. Гүйцэтгэх захирал нь дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ:

9.8.1. Төлөөлөн удирдах зөвлөлийн өмнө компанийн үйл ажиллагааг бүрэн хариуцаж, жилд хоёроос доошгүй удаа ажлын үр дүнгээ тайлагнан дүгнүүлэх;

9.8.2. компанийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан тэнцлийг цаг тухайд нь гаргаж, холбогдох этгээдүүдэд тайлагнаж мэдээлэх үүрэгтэй бөгөөд түүний үнэн зөвийг хариуцах;

9.8.3. компанийн үйл ажиллагааны бизнес төлөвлөгөө болон хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний төслийг боловсруулж, Төлөөлөн удирдах зөвлөлд оруулах, түүний хэрэгжилтийг зохион байгуулах;

9.8.4. энэхүү дүрэм болон холбогдох хууль тогтоомж, норм норматив, компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын болон Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр, үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, гүйцэтгэлийг хангуулах;

9.8.5. гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэх, удирдаж байгаа компанийн санхүү, төлбөрийн чадвар, нэр хүндийг дээшлүүлэхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагаа явуулах;

9.8.6. компанийг удирдахдаа түүний эрх ашгийг дээдлэн мэргэжил, ажлын дадлага, туршлагаа бүрэн дайчлах;

9.8.7. үүрэг гүйцэтгэх явцад олж авсан мэдээллийг хувийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхолд нийцүүлэн ашиглахгүй байх;

9.8.8. Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан орон тоо, зохион байгуулалтын бүтцийн хүрээнд ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг батлах, ажилтныг ажилд томилох, тэдэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажлаас чөлөөлөх;

9.8.9. компанийн шинээр худалдан авах болон акталж устгах, худалдах, шилжүүлэх үндсэн хөрөнгийн асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд оруулах;

9.8.10. компанийн үйл ажиллагаатай холбогдох асуудлаар тушаал гаргаж, биелэлтийг хангуулах;

9.8.11. мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, давтан сургах ажлыг хариуцан зохион байгуулах;

9.8.12. хууль болон энэхүү дүрэм, гэрээнд заасан бусад эрх эдэлж, үүргийг хүлээнэ.

9.9. Гүйцэтгэх захирал нь Төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрснөөр зарим эрх, үүргээ компанийн бусад эрх бүхий албан тушаалтанд шилжүүлж болно. Ийнхүү эрхээ итгэмжлэн шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

9.10. Хүний хөгжил сангийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу компанийн чиг үүргийг менежментийн гэрээгээр хэсэгчлэн шилжүүлж болно.

Арав. Компанийн эрх бүхий албан тушаалтан

10.1. Компанийн тухай хуулийн 84.1-д заасны дагуу дараахь этгээдийг энэхүү дүрэм батлагдсан өдрийн байдлаар компанийн эрх бүхий албан тушаалтан гэж тооцно:

10.1.1. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн;

10.1.2. гүйцэтгэх захирал;

10.1.3. дэд захирал;

10.1.4. алба, хэлтсийн дарга;

10.1.5. ерөнхий инженер, ерөнхий нягтлан бодогч;

10.1.6. Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга.

10.2. Эрх бүхий албан тушаалтан нь энэхүү дүрэм, Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан дотоод журамд заасан үүргийг биелүүлж, компанийн ашиг сонирхлын төлөө үнэнч шударгаар ажиллана.

10.3. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүдээс бусад эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагыг Төлөөлөн удирдах зөвлөлөөс гүйцэтгэх захиралтай байгуулсан гэрээ, компанийн хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулна.

Арван нэг. Компанийн хяналтын тогтолцоо

11.1. Компанийн хяналтын тогтолцоо нь дараахь бүтэцтэй байна:

11.1.1. өмчлөгчийн хяналт;

11.1.2. дотоодын хяналт;

11.1.3. хөндлөнгийн хяналт.

11.2. Компанийн үйл ажиллагаанд байнгын хяналт тавих чиг үүргийг Хяналтын зөвлөл хэрэгжүүлнэ.

11.3. Хяналтын зөвлөл 5 гишүүнтэй байх бөгөөд Хяналтын зөвлөлийн гишүүдэд Улсын Их Хурлын Эдийн засгийн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Хууль зүйн байнгын хороо тус бүр 1 хүний, Төсвийн байнгын хороо 2 хүний нэрийг дэвшүүлж, тэдгээрийг Улсын Их Хурал томилно.

11.4. Хяналтын зөвлөлийн гишүүд компанийн эрх бүхий албан тушаалтан байж болохгүй.

11.5. Хяналтын зөвлөл нь компанийн дүрэм, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр болон компанийн үйл ажиллагаатай холбогдуулан Улсын Их Хурал, Засгийн газраас гарсан шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих, компанийн удирдлагын үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаар дүгнэлт гарган хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулах чиг үүргийг хэрэгжүүлж, үйл ажиллагаагаа Улсын Их Хуралд тайлагнана.

11.6. Хяналтын зөвлөл нь компанийн аж ахуй, санхүүгийн үйл ажиллагааг хянан шалгахдаа энэхүү дүрэм болон холбогдох хуулиар олгогдсон бусад эрхийг эдэлнэ.

11.7. Дотоодын хяналтыг гүйцэтгэх захирлын томилсон дотоод хянан шалгагч хэрэгжүүлнэ. Дотоод хянан шалгагчийн ажиллах журмыг Төлөөлөн удирдах зөвлөл батална. Дотоодын хяналт нь байнгын ажиллагаатай байна.

11.8. Хөндлөнгийн хяналтыг холбогдох хуулийн дагуу сонгогдсон мэргэшсэн аудитын компани гүйцэтгэнэ.

11.9. Хөндлөнгийн аудиторын тайланг Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж, дүгнэлт гаргана.

Арван хоёр. Охин болон хараат компани хоорондын харилцаа

12.1. Компани нь охин болон хараат компани, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч бусад хуулийн этгээдтэй Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, Засгийн газар, төрийн захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг үндэслэн гэрээ байгуулж хамтран ажиллана.

12.2. Хуульд өөрөөр заагаагүй бол компанийн Төлөөлөн удирдах зөвлөл нь охин болон хараат компанийн төрийн мэдлийн хувьцаанд нийцүүлэн уг хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилно.

12.3. Компани нь энэ дүрмийн 12.1-д заасан хуулийн этгээдийн төрийн мэдэл (эзэмшил)-ийн хувьцааг эзэмших эрхийг охин компаниараа дамжуулан хэрэгжүүлж болно.

Арван гурав. Компанийн нягтлан бодох бүртгэл, тайлан

13.1. Компани нь нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомж, олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу нягтлан бодох бүртгэл хөтлөн, санхүүгийн тайлан гаргаж, аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулан хувьцаа эзэмшигч болон эрх бүхий бусад этгээдэд танилцуулна. Санхүүгийн тайлангийн үнэн зөвийг компанийн гүйцэтгэх захирал хариуцна.

13.2. Компанийн санхүүгийн жил нь тухайн жилийн 1 дүгээр сарын 1-ний өдөр эхэлж 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно.

Арван дөрөв. Бусад зүйл

14.1. Компанийн хувьцаа эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан, компанитай гэрээгээр ажиллаж байгаа этгээд компанийн нууцад хамаарах мэдээллийг хууль тогтоомжид тусгайлан заасан болон төрийн эрх бүхий байгууллагаас шаардсанаас бусад тохиолдолд компаниас бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр ашиглаж, эсхүл задруулж болохгүй.

14.2. Энэ дүрэмд тусгагдаагүй бусад асуудлыг Компанийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулна.

Төрийн мэдээлэл · 2012 · № 30 (747)1801–1815-р хуудас