Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 22
(1075)
— 691 —

Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2019 оны 03 дугаар Улаанбаатар сарын 22-ны өдөр хот

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ /Шинэчилсэн найруулга/

I ХЭСЭГ ЕРӨНХИЙ АНГИ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсад татвар бий болгох, тогтоох, татвар төлөгчийг бүртгэх, татвар ногдуулах, тайлагнах, төлөх, хянан шалгах, хураах, хөнгөлөх, чөлөөлөх, суутган тооцох, буцаан олгох эрх зүйн үндсийг тогтоож, Монголын Татварын алба /цаашид “Татварын алба” гэх/, татвар төлөгч болон энэ хуулийн дагуу татварын албаны өмнө үүрэг хүлээсэн бусад этгээдийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлон, тэдгээрийн хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Татварын хууль тогтоомж

2.1.Татварын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль1, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд татварын хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хууль нь татвар төлөгч, татварын алба болон татварын хууль тогтоомжийн дагуу түүнийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн этгээдэд хамаарна.

3.2.Энэ хуулиар зохицуулаагүй, эсхүл энэ хуульд зааснаас өөрөөр татварын бусад хуульд заасан бол тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан татварын хуулийн зүйл, хэсэг, заалт давуу үйлчилнэ.

1Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 01 дугаарт нийтлэгдсэн.

Төрийн мэдээлэл · 2019 · № 22 (1075)691-р хуудас