Гадаад харилцааны яамаар төлөөлүүлэн Монгол Улсын Засгийн газар болон Мянганы Сорилтын Корпорацаар төлөөлүүлэн Америкийн Нэгдсэн Улс хоорондын Мянганы сорилтын компакт гэрээ
Энэхүү МЯНГАНЫ СОРИЛТЫН КОМПАКТ ГЭРЭЭ (энэхүү “Компакт гэрээ” гэх)-г Гадаад харилцааны яам (“Засгийн газар” гэх)- аар төлөөлүүлэн Монгол Улсын Засгийн газар (“Монгол Улс” гэх) болон Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газрын байгууллага болох Мянганы сорилтын корпорац (“МСК” гэх)-аар төлөөлүүлэн Америкийн Нэгдсэн Улс (тус бүртээ “Тал,” хамтдаа “Талууд” гэх)-ын хооронд байгуулав. Энэхүү Компакт гэрээнд том үсгээр эхлэн бичсэн нэр томьёо нь VI Хавсралтад заасан утгыг илэрхийлнэ.
Талууд Монгол Улсад эдийн засгийн урт хугацааны өсөлтийг хангах, ядуурлыг бууруулах чиглэлээр ахиц дэвшил гаргаж, Талуудын хоорондын нягт хамтын ажиллагаа, түншлэлийг нотлон харуулсан Мянганы сорилтын анхны Компакт гэрээг АНУ-ын Вашингтон хотноо 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулж, МСК-ын тулгуур бодлого, хэм хэмжээнд нийцүүлэн амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд уг Компакт гэрээ нь 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүчин төгөлдөр болж, 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөр дуусгавар болсон болохыг эргэн санаж;
Талууд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хангах, ядуурлыг бууруулах хамтын зорилгыг дэвшүүлж буйгаа, мөн энэхүү Компакт гэрээний хүрээнд МСК-аас үзүүлж буй тусламж нь сайн засаглалыг бэхжүүлэх, эдийн засгийн эрх чөлөөг хангах, хүний хөгжилд хөрөнгө оруулах Монгол Улсын эрмэлзлийг дэмжинэ гэдгийг хүлээн зөвшөөрч;
Засгийн газар МСК-ын тусламжийг ашиглах тэргүүлэх чиглэлүүдийг тогтоохдоо хувийн хэвшил болон иргэний нийгэмтэй зөвлөлдсөн бөгөөд тухайн тусламжийг ашиглан эдийн засгийн урт хугацааны өсөлтийг хангаж, ядуурлыг бууруулах санал боловсруулан МСК-д хүргүүлсэн болохыг эргэн санаж;
МСК нь энэхүү Компакт гэрээнд дэвшүүлсэн зорилго, зорилтуудад хүрэхийн тулд Компакт гэрээнд заасан хөтөлбөр (цаашид “Хөтөлбөр”