Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 48
(1053)
— 1784 —

Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хэлэлцээр

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ

НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар (цаашид “Хэлэлцэн тохирогч талууд” гэх) хоорондын нийгмийн хамгааллын салбар дахь харилцааг зохицуулах зорилгоор дараахь зүйлийг хэлэлцэн тохиролцов:

I БҮЛЭГ ЕРӨНХИЙ ЗААЛТ

1 дүгээр зүйл Нэр томъёоны тодорхойлолт

(1) Энэхүү хэлэлцээрт хэрэглэгдэж байгаа нэр томъёог дараахь байдлаар ойлгоно: (a) Нутаг дэвсгэр: Монгол Улсын хувьд: Монгол Улсын нутаг дэвсгэр, Бүгд Найрамдах Турк Улсын хувьд: Бүгд Найрамдах Турк Улсын нутаг дэвсгэр,

(b) Иргэн: Монгол Улсын хувьд: Холбогдох хууль тогтоомжийн дагуу Монгол Улсын иргэн гэж тодорхойлсон хүн, Турк Улсын хувьд: Туркийн иргэншилтэй хүн,

(c) Хууль тогтоомж: Энэхүү хэлэлцээрийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгмийн хамгааллын тогтолцоотой холбогдсон хууль, тогтоомж, бусад эрх зүйн болон захиргааны акт,

(d) Эрх бүхий этгээд: Монгол Улсын хувьд: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Бүгд Найрамдах Турк Улсын хувьд: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам,

(e) Эрх бүхий байгууллага: Энэхүү хэлэлцээрийн 2 дугаар зүйлд заасан хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, тэтгэвэр, тэтгэмж олгох үүрэг бүхий байгууллага,

(f) Даатгуулагч: Энэхүү хэлэлцээрийн 2 дугаар зүйлд заасан хууль тогтоомжийн дагуу даатгуулсан болон даатгуулж байсан Хэлэлцэн тохирогч аль нэг талын иргэн,

Төрийн мэдээлэл · 2018 · № 48 (1053)1784-р хуудас