Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 12 дугаар захирамж Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай № 02
2018 оны 6 дугаар Улаанбаатар сарын 15-ны өдөр Дугаар 02 хот
Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 12 дугаар захирамж Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай
Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 16.15 цаг
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Цэцийн дарга Д.Одбаяр даргалж, гишүүн Н.Чинбат, Д.Ганзориг, Ш.Цогтоо /илтгэгч/, Д.Солонго, Б.Буяндэлгэр, Г.Туулхүү, Ш.Солонго, Ц.Нанзаддорж нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар О.Мөнхзулыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Л.Энх- Амгалан болон Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Дондогмаа нар оролцлоо.
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Засаг даргаар томилох, ажлаас чөлөөлөх тухай” 12 дугаар захирамж нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянан эцэслэн шийдвэрлэж, Улсын Их Хурлын 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 25 дугаар тогтоолын үндэслэлийг хянан хэлэлцэв.
Нэг. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн оршин суугч, иргэн Б.Сүхбатаас Үндсэн хуулийн цэцэд хандан дараах агуулга бүхий мэдээллийг ирүүлжээ. Үүнд:
“Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр “Засаг даргаар томилох, ажлаас чөлөөлөх тухай” 12 дугаар захирамжаар Лхагвасүрэнгийн Ганболдыг Хөвсгөл аймгийн Засаг даргаар томилжээ. Гэвч Засаг даргаар томилогдсон Л.Ганболдын төрийн албанд ажилласан байдал нь тогтоогдохгүй байгаа бөгөөд “Лидеркашемир” ХХК болон Монгол Ардын Намын хороонд ажиллаж байсан нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай