Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрэм батлах тухай № 83
2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо /Ц.Гарамжав/-нд үүрэг болгосугай.
2017 оны 12 дугаар Улаанбаатар сарын 22-ны өдөр Дугаар 83 хот
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрэм батлах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрмийг хавсралтаар баталсугай.
2.Энэ тогтоолыг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
Монгол Улсын Их Хурлын 2017 оны 83 дугаар тогтоолын хавсралт
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү дүрмийн зорилт нь Төсвийн тогтвортой байдлын зөвлөл /цаашид «Зөвлөл» гэх/-ийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоож, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн тогтвортой байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2.Зөвлөл нь төсвийн бодлогын чиглэлээр бие даасан, хараат бусаар мэргэжлийн судалгаа, шинжилгээ хийж дүгнэлт, зөвлөмж гарган Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны үйл ажиллагаанд туслалцаа үзүүлнэ.
1.3.Төсөв, санхүүгийн холбогдолтой шийдвэрийн нөлөөллийг олон нийтэд таниулах зорилгоор олон нийтийг төсвийн талаархи мэдээллээр хангаж, төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангаж ажиллана.
1.4.Зөвлөл нь эрхлэх асуудлынхаа онцлогийг илэрхийлсэн бэлгэдэлтэй байж болох бөгөөд тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
Хоёр.Зөвлөлийн үйл ажиллагааны зарчим
2.1.Зөвлөл нь үйл ажиллагаандаа бие даасан, ил тод байх, хараат бус, бусдын нөлөөнд үл автах, төсвийн тогтвортой байдлыг хангах, нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, асуудлыг чөлөөтэй хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэх зарчмыг удирдлага болгоно.
Гурав.Зөвлөлийн эрхлэх асуудал
3.1.Зөвлөл дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
3.1.1.Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын жилийн төсөв болон түүний тодотголын төсөл, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцсэн эсэх, төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг хангасан эсэх, улсын төсөвт үзүүлэх нөлөөлөл, ачааллын талаар судалгаа, шинжилгээ хийж, дүгнэлт, зөвлөмж гаргах;
3.1.2.Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хүсэлтийн дагуу шаардлагатай тохиолдолд тодорхой асуудлаар судалгаа, шинжилгээ хийж, дүгнэлт, зөвлөмж гаргана.
3.2.Зөвлөл нь гаргасан дүгнэлт, зөвлөмжөө Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороонд хүргүүлснээс хойш ажлын 3 хоногийн дотор олон нийтэд мэдээлж, тайлбар хийж болно.
Дөрөв.Зөвлөлийн хуралдаан
4.1.Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна. 4.2.Зөвлөлийн нийт гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хуралдааныг хүчинтэйд тооцно.
4.3.Зөвлөлийн хуралдаанд шаардлагатай гэж үзвэл хөндлөнгийн шинжээч, мэргэжилтнүүдийг оролцуулж болно.
4.4.Зөвлөлийн хуралдааны явцыг хуралдааны тэмдэглэлд нэг бүрчлэн тэмдэглэнэ.
Тав.Зөвлөлийн шийдвэр
5.1.Зөвлөлийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр гаргах бөгөөд түүнд Зөвлөлийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна.
5.2.Зөвлөлийн гаргах шийдвэр нь дүгнэлт, зөвлөмж хэлбэртэй байна.
5.3.Зөвлөл нь энэ дүрмийн 3.1.1-д заасан хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс хойш 15 хоногийн дотор судалгаа, шинжилгээ хийж, гаргасан дүгнэлт, зөвлөмжөө Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороонд хүргүүлнэ.
5.4.Зөвлөл нь шаардлагатай тохиолдолд хөндлөнгийн мэргэжлийн төрийн бус байгууллагаар судалгаа, шинжилгээний ажил хийлгэж болно.
Зургаа.Зөвлөл Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороотой харилцах
6.1.Зөвлөл нь Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороог энэ дүрэмд заасан судалгаа, шинжилгээний дүгнэлт, зөвлөмж, холбогдох бусад мэдээллээр хангаж ажиллана.
6.2.Зөвлөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хэрэгжилт болон үйл ажиллагааныхаа талаар хагас жил тутамд Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороонд тайлагнана.
6.3.Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо Зөвлөлийн гаргасан дүгнэлт, зөвлөмжийн талаар шаардлагатай гэж үзвэл Засгийн газраас холбогдох тайлбарыг гаргуулж авна.
6.4.Зөвлөлийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дэргэдэх Төсвийн шинжилгээний алба дэмжлэг үзүүлж, мэдээ, мэдээллээр хангаж ажиллана.
Долоо.Зөвлөл нь Монголбанк, Засгийн газартай харилцах
7.1.Зөвлөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг хангах болон төсвийн бодлогын чиглэлээр судалгаа, шинжилгээ хийж дүгнэлт, зөвлөмж гаргах зорилгоор Монголбанк, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран ажиллах талаар харилцан ойлголцлын санамж бичиг /цаашид “санамж бичиг” гэх/ үйлдэнэ.
7.2.Санамж бичигт төсвийн тогтвортой байдлыг хангах талаар Монголбанк, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Зөвлөлийн хүлээх үүрэг, харилцан солилцох мэдээлэл, бусад асуудлыг тусгана.
7.3.Зөвлөл нь Монголбанк, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай харилцахдаа энэ дүрмийн 7.1-д заасан санамж бичгийг удирдлага болгоно.
Найм.Зөвлөлийн дарга, гишүүн, түүнийг томилох
8.1.Зөвлөл нь дарга болон орон тооны бус 8 гишүүнээс бүрдэнэ.
8.2.Зөвлөлийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос 2, Засгийн газраас 2, Монголбанкнаас 2 хүнийг нэр дэвшүүлж, хараат бус 3 гишүүнийг Төсвийн байнгын хорооны ажлын албанаас нээлттэй сонгон шалгаруулалтаар нэр дэвшүүлж Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос томилно.
8.3.Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо нэр дэвшигчийг томилоогүй бол энэ дүрмийн 8.2-т заасан эрх бүхий этгээд ажлын 14 өдрийн дотор өөр хүнийг нэр дэвшүүлнэ.
8.4.Зөвлөлийн даргыг зөвлөлийн гишүүдээс сонгох бөгөөд зөвлөлийн хуралдаанаар олонхийн санал авсан гишүүнийг томилно.
8.5.Зөвлөлийн дарга, гишүүнд төрийн улс төрийн албан тушаал эрхэлж буй этгээдийг нэр дэвшүүлж, томилохгүй.
8.6.Зөвлөлийн дарга, гишүүн нь дараахь шаардлагыг хангасан байна:
8.6.1.эдийн засаг, санхүүгийн аль нэг чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, мэргэжлээрээ 15-аас доошгүй жил ажилласан байх, эсхүл Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Сангийн сайд, Монгол банкны Ерөнхийлөгчийн албан тушаал эрхэлж байсан этгээд;
8.6.2.зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хугацаа хэтэрсэн өргүй байх;
8.6.3.хувь хүний ёс зүй болон нэр хүнд нь Зөвлөлийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй байх;
8.6.4.ял шийтгэлгүй байх.
8.7.Зөвлөлийн гишүүн хуралдааныг товлон зарласан цагт хүрэлцэн ирэх үүрэгтэй.
Ес.Зөвлөлийн дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа
9.1.Зөвлөлийн дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа 4 жил байх бөгөөд нэг удаа улируулан томилж болно.
9.2.Төсвийн байнгын хороо дараахь үндэслэлээр зөвлөлийн дарга, гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлнө:
9.2.1.бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон; 9.2.2.эрүүл мэндийн байдал болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон;
9.2.3.үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн гэж Байнгын хороо үзвэл, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар; 9.2.4.үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг хүсэж, өөрөө өргөдөл гаргасан.
9.3.Энэ дүрмийн 9.2-т заасан үндэслэлээр зөвлөлийн дарга, гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлүүлэх тухай саналыг түүнийг томилоход нэр дэвшүүлсэн этгээд Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороонд оруулна.
Арав.Зөвлөлийн дарга, гишүүний үйл ажиллагаа явуулах баталгаа
10.1.Дүрмийн 9.2-т зааснаас бусад тохиолдолд Зөвлөлийн дарга, гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, огцруулахыг хориглоно.
10.2.Зөвлөлийн даргад цалин хөлс олгох бөгөөд орон тооны бус гишүүдэд хийсэн ажилд нь нийцүүлэн урамшуулал олгоно.
10.3.Зөвлөлийн үйл ажиллагааны төсвийн төслийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын төсвийн төсөлтэй хамт хэлэлцэнэ.
Арван нэг.Зөвлөлийн ажлын алба
11.1.Зөвлөлийн гишүүдэд бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, зөвлөлийн үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай мэдээллээр хангах чиг үүрэг бүхий ажлын алба /цаашид “Ажлын алба” гэх/-тай байна.
11.2.Ажлын алба нь 2-оос дээшгүй хүний бүрэлдэхүүнтэй байна. 11.3.Ажлын алба нь Зөвлөлийн шийдвэр, хурлын тэмдэглэлийг архивын нэгж болгон, Улсын Их Хурлын архивт хүлээлгэн өгнө.
Арван хоёр.Зөвлөлийн дотоод мэдээллийн нууцыг хадгалах
12.1.Зөвлөлийн дүрэмд зааснаас бусад тохиолдолд Зөвлөлийн гишүүн болон ажлын албаны ажилтан Зөвлөлийн дотоод мэдээлэл гэж тогтоосон, нийтэд зориулагдаагүй мэдээг тараах, бусдад мэдээлэх, хувийн зорилгодоо ашиглахыг хориглоно.