Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай № 70
2017 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 16-ны өдөр Дугаар 70 хот
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл”-ийг хавсралтаар баталсугай.
2.Монголбанкны дүрмийн сангийн хэмжээг 2018 онд нэмэгдүүлэх арга хэмжээ авч Улсын Их Хуралд танилцуулахыг Монголбанк /Н.Баяртсайхан/-нд даалгасугай.
3.Доор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/, Монголбанк /Н.Баяртсайхан/, Санхүүгийн зохицуулах хороо /С.Даваасүрэн/ нарт даалгасугай.
1/Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх дунд хугацааны үндэсний хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах ажлын дэлгэрэнгүй төлөвлөгөөг 2018 оны 01 дүгээр сард багтаан баталж хэрэгжүүлэх, эрх зүйн орчныг олон улсын байгууллагаас тогтоосон стандарт, зөвлөмжтэй 2018 оны 07 дугаар сард багтаан нийцүүлж, хэрэгжилтийг 2018 оны 10 дугаар сараас өмнө хангах;
2/санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлэх;
3/банкны салбарын бүтцийн өөрчлөлтийн дэд бүтцийг бэхжүүлж, түүний эрх зүйн орчинг боловсронгуй болгох;
4/зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулах;
5/эдийн засгийн төлөв, санхүүгийн чадавхтай уялдсан урт хугацаанд тогтвортой хэрэгжих боломжтой орон сууцны ипотекийн тогтолцоог хөгжүүлэх;
6/банкны салбар дахь чанаргүй зээлийг бууруулах, чанаргүй зээл үүсэхгүй байх орчинг бүрдүүлэх стратеги төлөвлөгөөг боловсруулан, хэрэгжүүлэх;
7/Засгийн газрын дотоодын үнэт цаасыг бууруулах, арилжааны банкан дахь Засгийн газрын үнэт цаасыг мөнгөний бодлогын арга хэрэгсэл болгон ашиглаж эхлэх.
4.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Д.Дамба-Очир/-нд үүрэг болгосугай.
Монгол Улсын Их Хурлын 2017 оны 70 дугаар тогтоолын хавсралт
Мөнгөний бодлого нь эдийн засагт гарч байгаа эерэг үр дүнг бэхжүүлж, банк, санхүүгийн системийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэн, эдийн засаг урт хугацаанд тогтвортой өсөх орчинг бүрдүүлэхэд чиглэгдэнэ.
1.Мөнгөний бодлогын зорилтын хүрээнд:
1.1.Мөнгөний бодлогын зах зээлийн зарчимд суурилсан хэрэгслийг ашиглан хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг 2018-2020 онд жилийн 8 хувь орчимд тогтворжуулна.
1.2.Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцсэн, уян хатан тогтох зарчмыг баримтална.
1.3.Санхүүгийн салбарт эрсдэл хуримтлагдахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн макро зохистой бодлогын хэрэгслүүдийг мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлнэ.
1.4.Хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, зах зээлд оролцогчдын итгэлийг сэргээн, хадгалах үүднээс ирээдүйд чиглэсэн мөнгөний бодлогын хүрээнд үр нөлөөг дээшлүүлэх, бодлогын нээлттэй, ил тод байдлыг хангаж, олон нийттэй харилцах сувгийг хөгжүүлж, боловсронгуй болгоно.