Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 8
(725)
— 487 —

Хөтөлбөр батлах тухай № 357

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 2012 оны 02 дугаар Улаанбаатар сарын 13-ны өдөр Дугаар 28 хот

Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай” хуулийн 14 дүгээр зүйлийн 3, “Дипломат албаны тухай” хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Нэг. Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ядамын Долгоржавыг эгүүлэн татсугай.

Хоёр. Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Отгонбаярын Даваасамбууг томилсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 12 дугаар Улаанбаатар сарын 16-ны өдөр Дугаар 357 хот

Хөтөлбөр батлах тухай

Улсын Их Хурлын 1996 оны 15 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын төрөөс баримтлах соёлын бодлого”-ын Гуравдугаар зүйлийн 5 дахь заалт, “Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”-ыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Монгол тууль” хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай.

2. “Монгол тууль” хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан баталж, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт даалгасугай.

3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг тооцон Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын төсвийн багцад жил бүр тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд С.Баярцогтод даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Ё.ОТГОНБАЯР
“МОНГОЛ ТУУЛЬ” ХӨТӨЛБӨР

Нэг. Оршил

Монголчуудын түүх, хэл, соёл, зан үйл, шүтлэг бишрэл, хүсэл мөрөөдлийг яруу сайхнаар дүрслэн үзүүлсэн аман яруу найргийн өвөрмөц, том хэлбэрийн бүтээл болох туулийн урлаг нь монголчуудын хүн төрөлхтний соёлын биет бус өвд оруулсан гайхамшигт хувь нэмрийн нэг билээ.

Монгол тууль бол монгол ардын аман билгийн нэн эртний төрөл хэлбэрийн нэг бөгөөд хэдэн зуугаас хэдэн түмэн мөр шүлгээс бүрдэл болдог том туурвил билээ. Туульсийн бүтээлүүд нь эртний шүтлэг, бөө мөргөл, бурхны шашин, домог зүйн болон уран сайхны сэтгэлгээний олон үе давхрагыг хадгалсан бөгөөд дотроо үлгэр, домог, ерөөл, магтаал, зүйр цэцэн үг, цацал мялаалга, бэлэг дэмбэрэлийн үг, домог шившлэг зэрэг аман зохиолын олон төрөл зүйлийг багтаан агуулж байдаг онцлогтой. Монгол туулийн хэл гайхамшигтай уран яруу бөгөөд монгол шүлгийн шилдэг уламжлалыг хадгалсан, эртний хэллэг, монголын олон ястан, овогтны аман аялгууны онцлогийг агуулсан байдаг. Тууль бол зөвхөн үгийн урлаг төдийгүй хөгжим аялгуу, туульчийн хайлах, хэлэх уран чадвар, ёс жаяг, зан үйлийг багтаасан нийлмэл урлагийн цогц үзэгдэл юм.

Монгол тууль нь Грекийн “Илиада”, “Одиссей”, Францын “Роланд баатрын дуулал”, Энэтхэгийн “Рамаяна”, “Махабарата”, Оросын “Игорийн хорооны тууж” зэрэг дэлхийн сонгодог туульстай хэлбэр, зохиомж, хэл найруулгаараа эн зэрэгцэхээс гадна заримаас нь илүү гардаг байна. Эрдэмтдийн судалгааны баримтаас үзэхэд монголчууд 200 гаруй баатарлагийн тууль хайлж иржээ. Дэлхий дахинд үгийн урлагийн энэ гайхамшигт туурвилыг XXI зууны эх хүртэл өвлөн уламжилж, хайлан хадгалж ирсэн цөөхөн үндэстний нэг бол монголчууд юм. Тиймээс ЮНЕСКО яаралтай хамгаалах шаардлагатай дэлхийн соёлын биет бус өвийн жагсаалтад “Монгол тууль”-ийг 2010 онд бүртгэн тунхагласан билээ.

Монголчуудын энэхүү оюуны гайхамшигт бүтээлийг 1804 онд Германы эрдэмтэн Б.Бергманн анх удаа Халимаг монголчуудаас сурвалжлан тэмдэглэж, хэвлэн нийтлүүлснээс хойш 200 гаруй жилийн хугацаанд дэлхий дахинд монгол тууль судлалын бие даасан томоохон салбар шинжлэх ухаан бий болж гадаад, дотоодын олон эрдэмтэн судлан шинжилсээр байна.

Монголчууд баатарлагийн туулиа аян дайн, найр хурим, эрийн гурван наадам зэрэг нийтийг хамарсан үйл явдал, баяр ёслол болон өрх гэр,

Засгийн газрын 2011 оны 357 дугаар тогтоолын хавсралт

хотол айлын хүрээнд хайлуулан бие сэтгэлийн цэнгэлд умбасаар иржээ. Тиймээс баатарлагийн туулийг хайлуулж сонсох нь монголчуудад эх нутаг, эх хэл, соёл, элгэн садан, овог угсаагаараа бахархах, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд чухал нөлөө үзүүлж ирсэн юм. Монголын олон угсаатан, ястны дотор авъяас билэгт олон арван туульчид байсан. Тухайлбал, Урианхайн нэрт туульч С.Чойсүрэн “Аргил цагаан өвгөн”, “Галзуу хар хөхөл”, “Наран хаан хүү”, “Баян цагаан өвгөн”, “Талын хар бодон”, “Эзэн улаан бодон” гэх мэт 11 туулийг цээжээр, хэдэн хоногоор урсган хайлдаг авьяас билэгтэн байжээ. Эдгээр туулийн нэг нь 3000 орчим мөр шүлгээс бүтдэг буюу хамгийн том нь 10000 орчим мөр шүлэгтэй байдаг.

Монголын уран зохиолын гурван оргил дурсгалын нэг “Жангар” тууль нь янз бүрийн авьяас билэгтэй олон баатрын алдар гавьяаны тухай саланги дууллуудыг Жангар хаанаар нэгтгэн холбосон 70 гаруй бүлгээс бүрдэх бөгөөд бүлэг бүр нь дунджаар 700-800 мөр шүлэгтэй, нийтдээ 50- 60 мянган мөр шүлгээс бүрддэг “цоморлиг тууль” юм.

Монголчуудын хэдэн зууны тэртээгээс туурвин бүтээж, өвлөн хадгалж ирсэн оюуны соёлын дахин давтагдашгүй энэ сайхан бүтээлүүд мартагдан, устаж үгүй болоход хүрээд байна. Монголын түүхэнд 60 шахам туульч, 200 гаруй тууль байсныг судлаачид тогтоожээ. Гэтэл одоо Увс, Ховд аймаг, Улаанбаатар хотод ердөө 20 хүрэхгүй туульч амьд сэрүүн байгаа бөгөөд тэдний тал хүрэхгүй хувь нь 4-5 туулийг бараг бүрэн хэмжээнд, бусад нь хэсэгчлэн хайлдаг түвшинд байгаа нь энэ урлаг устаж мөхөхөд хүрч байгааг харуулж байна.

Иймд туулийг судлан шинжлэх, сурталчлан нийтийн хүртээл болгох, туульч-ардын авьястнуудад шавь сургалт явуулахад нь бодитой дэмжлэг үзүүлж, урамшуулах, туульчдын наадам, үзлэг, уулзалт, тоглолтыг жил бүр зохион байгуулах, нийт олныг цэнгүүлэх зэрэг арга хэмжээ авах зорилт тавигдаж байна.

Хоёр. Хөтөлбөр боловсруулах эрх зүйн үндэслэл

2.1. “Монгол туулийн урлаг”-ийг НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага-ЮНЕСКО 2010 онд Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн дэлхийн жагсаалтад бүртгэн тунхагласан тухай “Батламж” бичиг;

2.2. “Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”-ын 4.6.2 дахь заалт;

2.3. “Монгол Улсын төрөөс баримтлах соёлын бодлого”-ын Гуравдугаар зүйлийн 5 дахь заалт;

Гурав. Хөтөлбөрийн зорилго

3.1. Монгол туулийг устаж үгүй болохоос сэргийлэн хадгалж хамгаалах, олон нийтэд сурталчлах;

3.2. Монгол туулийг хойч үедээ өвлүүлэх, судалж, сурталчлахад чиглэсэн эрх зүй, менежментийг бий болгох;

3.3. Туульч-ардын авьяастныг тодруулан алдаршуулах, туулийг өвлүүлэх шавь сургалт явуулахад нь бодитой дэмжлэг үзүүлэх.

Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд баримтлах зарчим

4.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг соёлын салбарын хөгжлийн бодлого, холбогдох хууль тогтоомж, бусад хөтөлбөр, төсөлтэй уялдуулах;

4.2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь ил тод, нээлттэй, хүртээмжтэй, төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, ардын авьяастан, судлаач, сонирхогч талын эрэлт хэрэгцээ, оролцоог хангасан байх.

Тав. Хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагаа

Хөтөлбөрийн зорилгын хүрээнд дараахь зорилтуудыг дэвшүүлж, дор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

5.1. Монгол туулийг устаж үгүй болохоос сэргийлэн хадгалж хамгаалах, олон нийтэд сурталчлах:

5.1.1. тууль, тууль хайлах урлагийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлахад чиглэсэн төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүмүүс, ардын авьяастны санал, санаачилгыг дэмжих;

5.1.2. мартагдсан туулийг судалж сэргээх, хэвлүүлж сурталчлах, туульчдад зааж сургах;

5.1.3. ерөнхий боловсролын сургуулийн эх түүх, уран зохиолын хичээлийн стандарт, сургалтын агуулга, хөтөлбөрт туулийн талаар зохих мэдлэгтэй болгоход чиглэсэн сэдвийг тусгаж, сурагчдын танин мэдэхүйн хүрээг өргөжүүлэх;

5.2. Монгол туулийг өвлүүлэх, судалж, сурталчлах эрх зүй, менежментийн зохистой орчин бүрдүүлэхэд соёлын үйл ажиллагааг чиглүүлэх:

5.2.1. төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан туулийн урлагийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд санхүүжилтийн үр ашигтай арга, хэлбэрийг нэвтрүүлж, улсын болон орон нутгийн төсөвт жил бүр хөрөнгө тусган санхүүжүүлэх;

5.2.2. соёлын өвийн улсын бүртгэл-мэдээллийн санг туулийн урлагийн төрөл, зүйлээр баяжуулах;

5.2.3. улсын болон олон улсын хэмжээнд зохион байгуулдаг ардын уламжлалт урлагийн наадам, уралдаан, гадаад оронд зохион байгуулдаг монголын соёлын өдрүүдэд туульчдын төлөөлөл, тууль хайлах урлагийн төрөл, зүйлийг оролцуулж байх;

5.2.4. Соёл урлаг, аялал жуулчлалын зарим байгууллагад туульчийн орон тоо бий болгох асуудлыг судалж шийдвэрлэх.

5.3. Туульч-ардын авьяастныг тодруулан алдаршуулах, туулийг өвлүүлэх шавь сургалт явуулахад бодитой дэмжлэг үзүүлэх:

5.3.1. туульчдыг дэмжин алдаршуулж, тэдний өвлөн уламжилсан туулийг сурталчлах ажлыг зохион байгуулах;

5.3.2. туульч-ардын авьяастны шавь сургалтыг хөхиүлэн дэмжих зорилгоор боловсрол, соёл, шинжлэх ухааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болон Соёл, урлаг хөгжүүлэх сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх;

5.3.3. соёлын асуудал хариуцсан төв, орон нутгийн байгууллага тууль хайлах уламжлал бүхий аймаг, сум, өрх гэр бүлд туулийн урлагийг өвлүүлэх, сурталчлахад нь дэмжлэг үзүүлж ажиллах.

Зургаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа, санхүүжилт

6.1. “Монгол тууль” хөтөлбөрийг 2012-2014 онд хэрэгжүүлнэ.

6.2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг дараах эх үүсвэрээс санхүүжүүлнэ:

-улсын болон орон нутгийн төсөв;

-Соёл, урлаг хөгжүүлэх сангийн хөрөнгө;

-гадаад орон, олон улсын байгууллагын хандивын хөрөнгө;

-аж ахуйн нэгжийн хандивын хөрөнгө

-бусад эх үүсвэр.

6.3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилт

(санхүүжилтийг 2012 оны улсын төсвийн тодотголд, 2013, 2014 оны улсын төсөвт тусгана)

Хэрэгжүүлэх хугацаа (он) Улсын төсвөөс гаргах хөрөнгө (сая төг)

2012 42.4 2013 56.7 2014 78.3 Дүн 177.4

Долоо. Хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэхэд соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв, орон нутгийн болон төрийн бус байгууллагын хүлээх үүрэг

7.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг улс орны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлтэй нягт уялдуулах;

7.2. хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд олон улсын байгууллага, хандивлагч орнуудтай хамтран ажиллах;

7.3. хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцож байгаа төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, ардын авьяастны оролцоо, идэвх санаачилгыг дэмжих.

7.4. туулийг судалж сурталчлах, өвлөн уламжлуулах, хадгалж хамгаалах ажлыг зохион байгуулах;

7.5. төв, орон нутгийн мэргэжлийн урлаг, соёлын байгууллага, туулийн урлагийг дэмжих сонирхогчдын нэгдэл, холбоо, авъяастнуудтай хамтран ажиллах, дэмжлэг туслалцаа үзүүлэх;

7.6. туулийн урлагийг дэмжих чиглэлээр тодорхой үр дүнтэй ажилласан хамтлаг, нэгдэл, холбоо, авъяастнуудыг урамшуулан дэмжих;

7.7. хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх, сурталчлах, хэрэгжилтэд нь хяналт тавих;

7.8. хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хэвлэл мэдээлэл, соёл, боловсрол, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоо, хамтын ажиллагааг уялдуулан зохицуулж удирдлагаар хангаж ажиллах.

Найм. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалт

8.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд удирдлага, төлөвлөлтөөр хангах, хэрэгжилтэд хяналт тавих үүргийг соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага гүйцэтгэнэ.

Төрийн мэдээлэл · 2012 · № 8 (725)487–492-р хуудас