Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай № 03
2013 оны 10 дугаар Улаанбаатар сарын 09-ний өдөр Дугаар 03 хот
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 11.30 цаг
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Н.Жанцан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат /илтгэгч/, Ц.Сарантуяа, Д.Сугар, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Н.Болортунгалагийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд өргөдөл гаргагч, иргэн Ц.Мөнхбат, өмгөөлөгч Н.Ганхуяг нар оролцов. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй болно.
Хуралдаанаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсэгт “Хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх тухай захирамжид давж заалдах гомдол гаргаж болохгүй бөгөөд харин прокурор эсэргүүцэл бичиж болно.” гэсний “...давж заалдах гомдол гаргаж болохгүй...” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “... шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй. ...” гэснийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.
Нэг. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны оршин суугч, иргэн Ц.Мөнхбат Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө:
“Монгол Улсын Их Хурлаас 2007 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлан гаргасан байна. Энэ хуулиар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулж хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх тухай шүүгчийн захирамжид давж заалдах гомдол гаргахгүй байхаар хуульчилжээ.