Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 37
(802)
— 1429 —

Дүрэм шинэчлэн батлах тухай № 245

ГАРЧИГ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

339. Элчин сайдыг тохоон томилох тухай Дугаар 154 1429

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

340. Дүрэм шинэчлэн батлах тухай Дугаар 245 1429

341. Журам шинэчлэн батлах, журамд өөрчлөлт оруулах тухай Дугаар 271 1433

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2013 оны 09 дүгээр Улаанбаатар сарын 18-ны өдөр Дугаар 154 хот

Элчин сайдыг тохоон томилох тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Монгол Улсаас Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Булгаагийн Алтангэрэлийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Банзрагчийн Одонжилийг томилсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 7 дугаар Улаанбаатар сарын 6-ны өдөр Дугаар 245 хот

Дүрэм шинэчлэн батлах тухай

Архидан согтуурахтай тэмцэх хуулийн 132 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Архидан согтуурахтай тэмцэх сангийн дүрмийг нэгдүгээр хавсралтаар, Архидан согтуурахтай тэмцэх сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг “Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай” Засгийн газрын 2012 оны 98 дугаар тогтоолын 20 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2004 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 85 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ
ХУУЛЬ ЗҮЙН САЙД Х.ТЭМҮҮЖИН

Засгийн газрын 2013 оны 245 дугаар тогтоолын хавсралт

АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ САНГИЙН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Архидан согтуурахтай тэмцэх сан (цаашид “Сан” гэх)-гийн зорилго нь архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, хяналт тавих, архидан согтуурсны улмаас хүн амын эрүүл мэнд, нийгэмд учирч байгаа хор уршгийг арилгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг санхүүжүүлэхэд оршино.

1.2. Сангийн үйл ажиллагааг сангийн зөвлөл (цаашид “Зөвлөл” гэх) удирдах бөгөөд зөвлөлийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тэргүүлнэ.

1.3. Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байх бөгөөд жилд нэгээс доошгүй удаа хуралдана. Зөвлөлийн гишүүдийн олонхи оролцсоноор хуралдааныг хүчинтэйд тооцно.

1.4. Зөвлөл хэлэлцсэн асуудлаа олонхийн саналаар шийдвэрлэнэ. Зөвлөлийн хуралдааны явцын тухай тэмдэглэл хөтөлнө.

Хоёр. Сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалт

2.1. Сангийн хөрөнгө Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 132.2-т заасан эх үүсвэрээс бүрдэнэ.

2.2. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 132.4-т заасныг үндэслэн дараах үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг Засгийн газар санхүүжүүлж болно: 2.2.1. архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх, архины хор уршгийг бууруулах талаар улсын хэмжээнд авч хэрэгжүүлэх нэгдсэн арга хэмжээ;

2.2.2. архидан согтуурснаас олон нийтэд үзүүлж байгаа сөрөг нөлөөлөл, үр дагаврыг тогтоох судалгаа, шинжилгээний ажил;

2.2.3. архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, сурталчилгаа явуулах, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын оролцоог дэмжих;

2.2.4. архидан согтуурснаас үүдэлтэй гэмт хэрэг, зөрчил үйлдсэн этгээдийг судалж, архины хамааралтай сөрөг зан үйлд нь нөлөөлөх, улмаар сургалт, хөдөлмөрийн арга барил, дадал чадварыг эзэмшүүлэх, суллагдан гарсны дараа сургалт, хүмүүжлийн тусгай хөтөлбөрт түр хугацаагаар хамрагдах боломжийг бүрдүүлэх.

2.3. Сангийн хөрөнгийг Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 132.6-д заасан зориулалтаар зарцуулна.

Гурав. Зөвлөлийн бүрэн эрх

3.1. Сангийн зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

3.1.1. сангийн үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх;

3.1.2. сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг шалгаруулах;

3.1.3. сангийн хөрөнгөөр санхүүжүүлж байгаа арга хэмжээ, төсөл, хөтөлбөрийн явцад хяналт тавих, тайланг хэлэлцэх.

Дөрөв. Бусад зүйл

4.1. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар хариуцах бөгөөд дараах байдлаар зохицуулна:

4.1.1. Зөвлөлийн шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах;

4.1.2. Сангийн хөрөнгийг төвлөрүүлэх, зарцуулахтай холбоотой бусад ажлыг зохицуулах; 4.1.3. сангийн хөрөнгийг төвлөрүүлэх, зарцуулах болон бусад үйл ажиллагаатай холбогдсон иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын санал, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх.

4.2. Шаардлагатай бол зөвлөлийн шийдвэрийг Засгийн газарт танилцуулна.

Засгийн газрын 2012 оны 98 дугаар тогтоолын 20 дугаар хавсралт

АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ САНГИЙН ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Зөвлөлийн дарга -Хууль зүйн сайд

Гишүүд: -Эрүүл мэндийн дэд сайд;

-Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга;

-Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга;

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тэргүүн дэд дарга;

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга.

Нарийн бичгийн дарга -Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн.

Төрийн мэдээлэл · 2013 · № 37 (802)1429–1432-р хуудас